НҮБ-ын Цахим Засгийн хөгжлийн индексээр манай улс дэлхийн 192 орноос 84-т жагсав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-02-21 12:32:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 336 сум, суурин газрын 304 нь шилэн кабелийн холболттой болсон бөгөөд НҮБ-ын Цахим засгийн хөгжлийн индексээр манай улс дэлхийн 192 орноос 84 дүгээр байрт жагсаж байна.

Өнөөдөр  Мэдээлэл технологийн үндэсний парк /МТҮП/-т Монгол Улсын Харилцаа холбооны салбарын удирдах ажилтнуудын зөвлөлгөөн болов. Зөвлөлгөөнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, "Монгол шуудан", "МЦХ", "Мэдээлэл холбооны сүлжээ", "Радио телевизийн үндэсний сүлжээ” зэрэг байгууллагын төв болон орон нутаг дахь нэгжийн удирдах ажилтнаас бүрдсэн 115 төлөөлөгч оролцлоо.

Зөвлөлгөөнөөр “ХХМТ-ийн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага”, Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого” сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл сонсгов. Тухайлбал, ХХМТГ-аас 2017 оныг “Салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулж 2016 оны 12 дугаар сард УИХ-д өргөн баригдсан “Өргөн нэвтрүүлгийн тухай” хууль, нэмэлт өөрчлөлт оруулах “Шуудангийн тухай”, “Радио долгионы тухай”, “Харилцаа холбооны тухай” хуулийн талаар тус тус мэдээлэл өгсөн юм.

Үүнээс гадна цаашид авч хэрэгжүүлэх “Монгол контент”, “Цахим засаг”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Бүх нийтийн тоон бичиг үсэгтэн”, “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ” үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг салбарын удирдлагуудад танилцуулав. Мөн Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар баталсан "Төрөөс мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого-2025" баримт бичгийн талаар мэдээлсэн юм.

Энэхүү зөвлөлгөөний үеэр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбаттай уулзлаа.

-Харилцаа холбооны салбарын удирдах ажилтнуудын энэ удаагийн зөвлөлгөөний ач холбогдол болон үр дүнгийн талаар та юу хэлэх вэ?

-Зөвлөлгөөнд манай салбарын төрийн өмчит компаниуд болон төрийн байгууллагуудын удирдах ажилтнууд оролцож байна. Энэ удаагийн зөвлөлгөөний гол ач холбогдол нь 2017 оныг “Салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах жил” болгон зарласны дагуу Монгол Улс Харилцаа холбооны хууль эрх зүйн орчныг цаашид хэрхэн шинэчлэн сайжруулахад тодорхой зорилтуудын хүрээнд бид хамтран ажиллахад оршино. Мөн харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт батлагдсан байгаа. Энэ бодлогын бичиг баримтаа хэрхэн, яаж хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцон ярилцаж байна. Манай салбарт Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хууль гэх мэт хууль үйлчилдэг. Эдгээр хуульд ямар өөрчлөлт оруулах, өнөөдөр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ямар асуудал тулгамдаж буйг хөндөж, чиглэлээ тодорхойлно. Хуулинд өөрчлөлт оруулсан чиглэлүүдээ тодорхой болгоход энэ зөвлөлгөөний ач холбогдол оршиж байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ