Сингапурт “галан солонго” татжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНСИНГАПУР. /BBC/. Сингапурт агаар мандлын ховор үзэгдэл болох "галан солонго" татан тус хот улсын оршин суугчдыг гайхшрууллаа.
Өчигдөр үдээс хойш олон өнгийн гэрэл тэнгэрт үүсч, 15 орчим минут үргэлжилсэн бөгөөд энэ үзэгдлийг арлын хаанаас ч харах боломжтой байжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ нь нарны гэрэл үүлний мөсөн талстаар дамжин хугарахад үүсдэг "галан солонго" гэдэг үзэгдэл ажээ. Харин зарим хүмүүс үүнийг "усны дусал эсвэл талстууд гэрлийг сарниулахад үүсдэг үүл өнгөө хувиргах үзэгдэл" гэж үзэж байна.
Сингапурын нэгэн өдөр өнжүүлэх төвийн ажилтан Фазида Мохтар ярихдаа "би галан солонгыг өчигдөр орон нутгийн цагаар 17:10-ийн үед харсан" гэв. Тэрбээр “эхэндээ тэнгэрт улбар шар өнгийн жижиг цагариг үүсч, яваандаа томорч, бүх өнгөөр солонгорч эхэлсэн. Энэ үзэгдэл 15 орчим минут ажиглагдаад сарнин алга болсон. Сурагчид, эцэг эхчүүд болон ажилчид энэхүү үзэгдлийг гайхан биширч, ийм ховор солонго харсандаа ихэд баяртай байсан” гэв.
Харин цахим орчинд уг үзэгдлийг Ази болон Австралид худалдаалагддаг “Paddle Pop” гэдэг солонгын өнгөтэй амттантай зүйрлэж, ёжилсон сэтгэгдлүүдийг үлдээжээ.
Б.Мишээл