Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад жишиг танхим чухал болохыг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад анхаарах зарим асуудал” сэдэвт уулзалт ярилцлагыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны танхимд өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалт ярилцлагад Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар, ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр болон Эрүүгийн хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар оролцсон байна. Энэ ярилцлагын үеэр шүүхийн жишиг танхимыг үзүүлж, онц чухал, олны анхаарал татсан шүүх хуралдааны чанар, олон нийтэд зөв баттай мэдээлллийг хүргэж байх талаар ярилцлаа. Мөн хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэг өсч буй шалтгааныг ч хөндөж байлаа. Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг жил бүр 30 хувиар нэмэгдэж байгаа. Сүүлийн хоёр гурван жилийн статистикаас харахад ийм байдалтай байна. Үүнээс гадна энэ хэрэг дунд сургуулийн хүүхдүүд рүү тархах шинжтэй болжээ. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг мэдээлэл, өргөдөл, гүйцэтгэх ажиллагаагаар илрүүлэх боломжгүй тул заавал бүлэглэл рүү нэвтэрч байж илрүүлэх шаардлагатай болдог. Сүүлийн үед хар тамхины бүлэглэлүүдийн арга нарийсч, бараг мэргэших тал руугаа орж байгаа. Зарим хэргийн эх сурвалжийг нь ч тусгаарлах шаардлага гарч байна. Гэтэл шүүхээс "хэргийг нэгтгэ" гэсэн шалтгаанаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаг. Энэ бол мөрдөн байцаалт болон эцсийн шийдвэр гаргахад нөлөөлөх шинжтэй ...” гэсэн нь цагдаагийн өмнө тулгараад байгаа бэрхшээл мөн гэлтэй. Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг маш их анхаарал татаж байгаа. Үүн дээр мөрдөн байцаалтын гол арга болох байцаалтын сул тал ажиглагддаг. Байцаалтаар голлож хэрэг нотлох практик хэрэглэж байгаа. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон хүн юу ч хамаагүй ярьдаг. Мөрдөн байцаалтад худал хэлэх, саад учруулах эрх байдаггүй. Гэтэл шүүгдэгчийн худал мэдүүлэг мөрдөн байцаалт, прокурорын шатанд үнэлэгдээд шүүхэд ирдэг. Мэдүүлэг нь амьдралд байхгүй зүйл болж хувирсан байдаг. Энэ нь Монгол Улсыг "Хар тамхины диваажин" мэтээр дэлхий нийтэд ойлгуулах эрсдэлтэй. Хар тамхи Монголын хаа сайгүй байдаг гэх худал мэдүүлэг олон нийтэд тарснаар дэлхий нийтийн хар тамхичид ирвэл яах вэ?. Ийм нөхцөл байдал байцаалтаас үүдэлтэй гэдэгт анхаарах нь зөв. Худал мэдүүлэг өгч, мөрдөн байцаалтад саад учруулж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх шаардлага бий болсон. Нөгөө талаар энэ хэрэг далд аргаар үйлдэгддэг учраас гүйцэтгэх ажиллагаа заавал шаардагддаг. Гэтэл гүйцэтгэх ажиллагаагаар олсон эд зүйл нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх нь асуудалтай байдаг учраас хэрэг мөрдөн байцаалтад буцаад байгаа. Хар тамхи, мансууруулах бодисын хэрэгт хууль, хэрэглээний зөрүүтэй ойлголт гарч байгааг мөн анхаарах ёстой. Борлуулах зорилгоор олж авч, бэлтгэж байгаа чанарыг явцуу хүрээнд ойлгож, хэрэглэх практик байсан. Дээд шүүхийн тайлбараар борлуулах гэдэг үгийн агуулга нь худалдахаас өөр ажил үйлчилгээ, бэлэг, үнэ төлбөргүй шилжүүлэх зэрэг аливаа хэлбэрээр түгээж байгааг ойлгоно. Үүнийг практикт нэг мөр болгох шаардлага байна” гэсэн тайлбар өгсөн нь хуулийн байгууллагууд энэ асуудлыг нэгтгэн дүгнэлт гаргаж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх цаг болсныг харуулна. Дээрх гэмт хэрэгтэй холбоотой сэжигтэн, хэрэгтнүүдийг цагдан хорих, гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл болгон ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох асуудал дээр цагдаагийн мөрдөн байцаагч болон шүүгч нарын өмнө тулгамдсан асуудлаар ч харилцан санал солилцсон юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны жишиг танхимтай танилцсаныхаа дараа хэлэлцүүлэгт оролцсон шүүх, цагдаагийн удирдлагууд цаашид бүх шүүхийг ийм танхимтай болгох шаардлагатай байгаатай санал нэгдэж байв.
Ж.Батсайхан