Сар шинийн баяраар автын ослоос сэрэмжлэхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-23 16:22:23

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Сар шинийн баяраар иргэд автомашины осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэйг Замын цагдаагийн алба, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв, Нийслэлийн онцгой байдлын газар, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлэв.

Өнгөрөгч 2016 оны сар шинээр Замын цагдаагийн алба нийт 1089 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн осол 351 гарчээ. Үүний улмаас 50 хүн хүнд, хөнгөн гэмтэж нэг хүний амь нас хохирсон байна. Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албаны дарга Э.Бөхбат "Цагдаагийн байгууллага баяр ёслолын үеэр бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг. Дээрээс нь ХСИС-ын сонсогч нарыг дайчилдаг. Жолооч нар дүрэм зөрчиж урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсоноос болж зам тээврийн осол гардаг. Баяр болохын өмнөхөн цагаан сарын бэлтгэл гээд замын хөдөлгөөн маш их ачаалалтай болдог. Тиймээс иргэдэд хувийн зохион байгуулалтаа дээшлүүлээсэй гэж зөвлөмөөр байна. Жишээ нь, ах дүү хамаатнаараа нийлж байгаад аль болох цөөн тээврийн хэрэгслээр баярын бэлтгэлээ базаах хэрэгтэй. Мөн шинийн 1-ний өглөө иргэд уул хаданд их гардаг. Иргэд маань уул хаданди гарахдаа бүгдээрээ машинаараа унаад зүтгэдэг. Цагдаагийн байгууллагаас анхааруулж сэрэмжлүүлсээр байхад уул руу машинаараа зүтгэж байгаад онхолддог, мөргөлддөг, хүний амь нас хохироодог хэргүүд их гардаг. Мөн шинийн 2-ны өдрөөс эхлэн орон нутгийн замын ачаалал нэмэгддэг. Өнгөрсөн жил орон нутгийн замд 4 хүн нас барж 17 хүн гэмтэж, 4 машин осолдсон хэрэг гарсан. Орон нутгийн замд хурд хэтрүүлэх, урсгал сөрөх дүрэм зөрчин осол аваар их гаргадаг. Цагдаагийн байгууллагаас энэ жил орон нутгийн замд хөдөлгөөнт эргүүлийг олноор гаргана, зөрчил илрүүлэгч хөдөлгөөнт камеруудыг ажиллуулна гэлээ.

ГССҮТ-ийн Статистик тандалт судалгааны албаны их эмч Б.Буян "Арвижих:Улсын хэмжээнд өнгөрсөн онд 100 гаруй мянган хүн осол гэмтэлд өртсөний 16 хувь нь зам тээврийн ослоос болсон байна. Мөн 2016 онд 485 хүн зам тээврийн ослоос болж амь насаа алдсан байна. Эндээс харахад өдөрт ойролцоогоор нэг хүн зам тээврийн ослоос болж нас барж байна. 1995 оноос хойш өнөөдрийг хүртэл осол гэмтлийн тоо буухгүй байна. Зөвхөн эмнэлэг, цагдаагийн байгууллага таны амь насыг аварч чадахгүй. Иймээс иргэн та өөрөө л ухамсартай, хариуцлагатай байж амь насаа аврах боломжтой гэж ярив.

НОБГ-ын Дэд дарга Д.Эрдэнэбат " Иргэд сар шинийн ууц, боорцгоо хайрах үедээ санамсар болгоомжгүйгээс болж гал гарах тохиолдол ихэсдэг. Баярын үеэр олон хоног амрах учраас байгууллага аж ахуй нэгжүүд байнгын эргүүл жижүүрийг ажиллуулах хэрэгтэй. Хамгийн чухал нь хөгжлийн бэрхшээлтэй болон насанд хүрээгүй хүүхдийг харгалзан асрах хүнгүйгээр гэртээ бүү орхиорой. Золголтоор явахдаа цахилгаан хэрэгслээ сайтар шалгах шаардлагатай. 2016 оны сар шинийн баярын үеэр 28 гал түймрийн дуудлага ирсэн. Дийлэнх нь золголтоор явахдаа цахилгаан хэрэгслээ асаалттай орхисноос болсон. Иймээс эвдрэл гэмтэлгүй зориулалтын цахилгаан хэрэгслийг ашиглаж гэрээ эзэнгүй үлдээхдээ цахилгаан хэрэгслээ сайтар шалгахыг анхааруулж байна".

Яаралтай түргэн тусламжийн төвийн Их эмч Л.Бямбацогт " Баяр наадмын үеэр түргэн тусламжийн төвийн дуудлага эрс нэмэгддэг. Дийлэнх хувь нь архи, хоолноос хордлого авсан, согтуу үедээ хоорондоо маргалдсанаас болж нэгнийгээ зодож гэмтээсэн дуудлага ихэсдэг. Тиймээс хугацаа нь дууссан бүтээгдэхүүн авахгүй байх, зориулалтаар нь хадгалахыг сануулж байна. Мөн зам тээврийн осолтой холбоотой дуудлага нэмэгддэг. Зөвхөн жолооч нар гэлтгүй явган иргэд бүгд хөдөлгөөндөө соёлтой оролцоорой гэж уриалмаар байна" гэв. Ийнхүү сар шинийн өдрүүдээр иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй, гэмтэл ослоос холуур байхыг холбогдох байгууллагынхан анхаарууллаа.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ