Манай хоккейчид Хонконгийн багийг яллаа
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар. /МОНЦАМЭ/. Японд болж буй Азийн VIII өвлийн наадмын хоккейн төрөлд өрсөлдөж буй Монгол улсын шигшээ баг дөрөв дэх тоглолтоо Хонконгийн багтай хийж ялалт байгуулав.
Медальд хүрэхэд чухал нөлөөтэй энэ тоглолтод манай баг дараалан дөрвөн гоол оруулж тоглолтыг эхлүүлсэн бөгөөд 8:6 -гаар өрсөлдөгчөө ялж чадлаа.
Тодруулбал, манай багийн довтлогч П.Батзаяа хоёр минутын зайтай хоёр гоол оруулж, улмаар З.Батгэрэл, Б.Цэрэнбалжир нар гурван минутын дотор хоёр гоол хийснээр тоглолтыг 4:0-ээр тэргүүлсэн. Эхний үеийн төгсгөлд Б.Цэрэнбалжир, Ц.Шинэбаяр нар нэмж гоол оруулснаар 6:2-оор өндөрлөв. Харин хоёр болон гуравдугаар үед Хонконгийн баг сэргэлт авч, эрчтэй довтолгоог үзүүлсэн ч манай багийн хамгаалалт сайн байж, тоглолтын төгсгөлд Б.Болдбаяр хоосон хаалганд дахин гоол оруулсан юм.
Д.Өлзий