Монголчууд нэгдсэн, уриалсан, одоо хэрэгжүүлэх л ажил үлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-10-20 15:57:26

Дорнод аймгийн Баян-Уул сумын төвд “Нөхөрлөлийн хөгжил наадам”  “Намрын ногоон өдрүүд-2015” өдөрлөг 10 дугаар сарын 5-6-нд болсон юм.

Тус сумын болон Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Норовлин сумын ИТХ, ЗДТГ, НҮБХХ-ийн “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ”, “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь”, “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төслүүд энэхүү наадам, өдөрлөгийг хамтран зохион байгуулж байгаа юм.

Тус наадамд Дорнод, Хэнтий аймгийн ЗДТГ, БОАЖГ, УЦУОШГ, ОБЕГ, ТХГН-ийн Хамгаалалтын захиргаа, 10 сумын ЗДТГ, нөхөрлөлүүд, хоршоо, аж ахуйн нэгжүүд, БОНХАЖЯ, НҮБХХ, төслүүд зэрэг 10 сумын 200 гаруй төлөөлөгчид ирж оролцож байна. Сумын төвийн Соёлын төвд эхэлсэн энэ удаагийн наадмыг Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга, “Түмэнхаан-Шалз” ОНТХГ-ын менежментын зөвлөлийн дарга Ж.Дорж нээж оролцогчдод талархал илэрхийлж, орон нутгийн иргэд, нөхөрлөлүүдийн хамтын ажиллагаанд нь амжилт хүссэн юм.

Энэ удаагийн наадам, өдөрлөгт Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч болон НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Биати Транкман хүрэлцэн ирсэн байв. Энэ үеэр түүнтэй ярилцаж сэтгэгдлийг нь сонссон юм.
-Та Монгол Улсад томилогдож ирээд хоёр дахь удаагаа орон нутагт томилолтоор ажиллаж байгаа гэж сонслоо. Та ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Миний хувьд Монголын үзэсгэлэнт сайхан оронд ирж ажиллахаар болсондоо маш их өндөр сэтгэгдэлтэй, баяртай байна. Би түрүүчийн томилолтоор ажиллаж байсан дэлхийн хамгийн нягтаар оршин суудаг хүн амтай  Индонези улстай харьцуулахад өргөн дэлгэр уудам газар нутагтай, цөөн хүн ам амтай,  алслагдмал нутаг орондоо тархан байрлаж оршин суудаг хүн ард гэдгээрээ онцлог юм.  Энэ давтагдашгүй төрх байдлаар нь хадгалж, хайрлаж хамгаалж баймаар байгалийн үзэсгэлэнт газар бүхий оронд ирсэндээ онцгой сайхан сэтгэгдэлтэй байна. 
-Өнөөдөр энэхүү нөхөрлөлийн хөгжил чуулганы нээлт дээр таны хэлсэн үгийг МОНЦАМЭ агентлагийн мэдээллээр түгээсэн. Та орон нутагт төсөл хэрэгжиж байгаа байдлыг хараад ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-Миний бодлоор хамгийн онцлог нь гэвэл өнөөдөр хүмүүс өөрсдийн туршлага, мэдээллийг солилцож байгаа нь чухал. Тухайлбал өглөөний нээлтийн дараа аймгаас болон олон сумаас ирсэн төлөөлөгчид ажлын туршлагаа хуваалцан, нийтлэг тулгарч буй асуудал, аливаа бэрхшээлийг хэрхэн даван туулах, эрсдэл багатай давах ямар боломж гарц байгаа тухай хамтран ярилцаж байна. Мөн нутгийн ард иргэдийн амьжиргааг сайжруулах талаар саналаа солилцон, боломж гаргалгааг эрэлхийлж байгаа нь чухал ач холбогдолтой.  Уулзалтын дараа би төслийн хүрээнд бүлэг нөхөрлөлүүдийн хийж хэрэгжүүлж байгаа ажилтай танилцлаа. Тухайлбал, малын хөлөөс булаг шандын эхийг гишгэгдэж, талхлагдахаас хамгаалан хашиж, хэрхэн хамгаалж байгаа, мал амьтанд усыг ямар нэг саадгүй хүргэх нөхцлийг бий болгосон ажилтай очиж  танилцлаа. Энэ мэт арга санаачлагын үлгэр жишээ нь байгаль, нутаг орноо хамгаалж, экологийн тэнцвэрийг хадгалахын төлөө сумын иргэд, нөхөрлөлүүдийн хэрэгжүүлж байгаа сайн туршлага юм. Эдгээр санал, санаачлага бүхий ажил үйлсэд гарсан амжилт, сургамжуудыг харилцан хуваалцаж, үр ашигтай шинэлэг арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх нь хүмүүст ач тусаа өгнө гэдэгт итгэж байна.
-Саяхан 2030 он хүртэл хэрэгжүүлэх дэлхийн хөгжлийн зорилтууд батлагдлаа. Өмнө нь бид Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж ажилласан. Орон нутгийн болон олон улсын түвшинд зарим нь биелсэн, зарим нь хэрэгжээд үргэлжлээд явж байна. Энэхүү чухал үе шатны хүрээнд ямар бодол төрж байна вэ? Эдгээр тодорхой зорилтуудын хэрэгжилтийн дүгнэлт, гаргалгаа цаашдын эрхэм зорилт ямар байх бол?
-Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг амжилттай эхлүүлж хэрэгжүүлэхийн зэрэгцээ дуусаагүй байгаа ажлаа дуусгах тухай асуудал бий. Мөн тогтвортой хөгжлийн зорилго нь хөгжлийн дараагийн шинэ үе шатанд  гаргах, хөгжлийг урагшлуулахад өөрчлөлт хийх төдийгүй шинэ боломж, гарцыг олж хэрэгжүүлснээр ядуурлыг бүр мөсөн бууруулах, тэгш бус байдлыг багасгаж чадах тухай асуудал эрхэм юм. Үүний зэрэгцээ дахин буцааж болшгүй уур амьсгалын өөрчлөлт, аливаа эрсдлийг бууруулахын төлөө бид дэлхийн ертөнцөө хамгаалах, уур амьсгалын  өөрчлөлтийг даван туулах тухай бидний төлөвлөгөөг бодит амьдралд хэрэгжүүлэх нь хамгийн чухал юм. Бид уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврын уршгаар дэлхийн хөгжлийг удаашруулж байдаг онцгой сөрөг нөлөөтэй гэдгийг мэднэ. Иймд ядуурлыг бууруулах, тэгш бус байдлыг халах зэрэг дэлхийн уур  амьсгалын өөрчлөлтийг даван туулахад харилцан уялдаа холбоотой зорилгуудыг нэгтгэн дэлхий дахинд хүн бүрийн амьдралын сайн сайхны төлөө цогц байдлаар хөгжлийн үр шимийг хүртэх боломжийг нь бүрдүүлэх, хөгжлийн асуудлыг цогцоор нь харгалзан үзэж шийдлийг гаргах нь тогтвортой хөгжлийн үндсэн төлөвлөгөөний цөм оршиж байна. Энэ бол олон улсын түвшинд барьж буй хөгжлийн хөтөлбөрийн шинэ чиглэл, хөтөлбөр нь юм. Хүн төрөлхтөний энэ эрхэм үйлсийн төлөөх аянд Монгол Улс идэвхтэй манлайлан оролцож эхэллээ. Монгол Улсын ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий ассемблейн тогтвортой хөгжлийн чуулганд дэлхийн улс орнуудыг уриалсан үгээ хэлсэн. Одоо биднээс хамаарах хүчин зүйл бол эдгээр зорилго хөтөлбөрийг Монгол орны хувьд хэрхэн уялдуулан хэрэгжүүлэх, зорилго тус бүрт зорилтууд, шалгуур үзүүлэлтүүд байгааг хэлэлцэн боловсруулах, төсөв санхүүжилттай холбох ажил хүлээгдэж байна. Үүнийг одоо амьдралд хэрэгжүүлэх л ажил үлдлээ гэж болно.

Д.Өлзий

 

Холбоотой мэдээ