М.Нансалмаа: Өнгөрсөн жилийн баярын үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт буурсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-02 15:12:18
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын үеэр согтуугаар үйлдэгдсэн ноцтой зөрчил бүртгэгдээгүй байна. Өнгөрсөн жилийн сар шинийн баярын өдрүүдтэй харьцуулахад энэ жил гэмт хэргийн гаралт харьцангуй буурсан ба ахуйн хүрээнд гарч байгаа архитай зөрчлийн дуудлага бага байсан гэж Төв аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн ахмад М.Нансалмаа онцолсон юм.

ЦЕГ-ын даргын 2017 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 89-ээр тушаалын дагуу Төв аймгийн Цагдаагийн газар хоёрдугаар 26-аас гуравдугаар сарын хоёрны есөн цаг хүртэл нийт 206 бие бүрэлдэхүүн, албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна.

Баяр амралтын өдрүүдэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн буюу биеэ авч явах чадваргүй 19 иргэнийг ар гэр, асран хамгаалагч нарт хүргэж өгсөн байна. Харин ахуйн хүрээнд танхайрч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 14 иргэнийг аймгийн Цагдаагийн газрын түр саатуулах байранд эрүүлжүүлж, зөрчил гарсан 58 иргэнийг 3.629.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авчээ.

Мөн иргэд аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй дөрөв, зөрчлийн шинжтэй 26 дуудлага мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэсэн байна.

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн замд 14 цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэн байна. Тодруулбал 7546 тээврийн хэрэгслийг шалгаж 1245 зөрчлийг илрүүлж 42 жолоочийг 6.780.000 мянган төгрөгөөр торгосон бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 11 жолоочийг илрүүлж газар дээр нь шийдвэрлэсэн байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ