Э.Бат-Үүл Ерөнхийлөгчид нэр дэвшихээ намын нөхөддөө сонордуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ардчилсан намын дарга Э.Бат-Үүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх болсноо өнөөдөр /2017.03.02/ намын нөхөддөө сонордуулжээ.
Тэрбээр, өнөөдөр болсон “Хонхны дуу” клубыг үүсгэн байгуулагчдын сар шинийн золголтын үеэр уг мэдэгдлийг хийсэн байна. Мөн Ардчилсан намынхан өчигдөр сар шинийн золголт хийж байх үеэр ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөхөө тэрбээр намынхандаа дуулгажээ.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл нь нам дотроо хүчтэй лидерт тооцогддог. Тэрбээр 2012-2016 онд Улаанбаатар хотын захирагчаар ажиллахдаа бүтээн байгуулалтын олон ажлыг гардан гүйцэтгэж, мөн эхлүүлсэн юм. Өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нэлээд өнгө засч, орчин үеийн хотын төрхийг олсон нь түүний багийнхны хийсэн ажлын үр дүн гэх нийслэлчүүд цөөнгүй бий. Харин Ардчилсан намын гишүүд түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх итгэл хүлээлгэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Д.Өлзий