Цагдаагийн алба хаагчид элбэрэлт ээж нартаа хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-08 15:49:25
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид “Ээжүүддээ хүндэтгэл үзүүлэх” арга хэмжээг зохион байгуулав.

Ард түмнийхээ амар амгалан, энх тайвны төлөө амь биеэ үл хайрлан, өргөсөн тангарагтаа үнэнч яваа цагдаагийн алба хаагчид юм. Зам мөрийг ариун байлгаж үргэлж залбирч явдаг хүмүүс бол яах аргагүй тэдний ээжүүд юм. Амьд бурхан болсон ижий нартаа чин сэтгэлийн хүндэтгэл үзүүлж энэхүү арга хэмжээг зохион байгуулсан гэдгээ Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Б.Ганзориг хэлж байлаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон ээжүүдэд Төв Аймгийн Цагдаагийн газраас гарын бэлэг гардуулж дараа нь Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны шагнал болох “Манлай малчин” эмэгтэйгээр хоёр ээж, “Монголын Эмэгтэйчүүдийн хүндэт тэмдэг”-ээр 45 ээж, “Дурсгал”-ын тэмдгээр 10 ээж, аймаг сумын шагналаар зургаан ээжийг тус тус шалгаруулж шагналаа.

Элбэрэлт ээжүүдийн зүгээс үнэтэй сургаалаа хайрлаж бусдын амгалан тайван байдлын төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэдэг тэдний ажил хөдөлмөрт сүүн цацлаараа мялаалга өргөж сайн сайхныг хүсэн ерөөсөн юм. Мөн хүрэлцэн ирсэн ээжүүддээ зориулж Цагдаагийн газрын авьяаслаг алба хаагчид өөрсдийн урлагийн тоглолтыг хүргэсэн бөгөөд арга хэмжээний төгсгөлд “Ээжүүдийн сүүн цацал өргөх ёслол”-ын арга хэмжээг зохион байгуулж Зуунмод сумын нутагт байрлах “Цагдаа Толгой Уул”-нд сүүн цацал өргөж ард түмнийхээ амар амгалангийн төлөө зүтгэж яваа цагдаагийн алба хаагчдын ажил үйлсийг ерөөв.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ