Ногоон ажлын байрны мэдээллийг цуглуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-20 19:42:53

Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичигт өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Талууд санамж бичиг байгуулснаар байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарт хийж буй томоохон бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх үүргийг Хөдөлмөрийн яам хүлээж байна. Тодруулбал ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн арчилгаа, ашиглалтын чиглэлээр  мэргэшсэн ажилчдыг  МСҮТ-дэд бэлтгэх аж. Харин Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын яам “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” хөтөлбөрийн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллагын мэргэжилтнүүдийг  ур чадварыг дээшлүүлэх  сургалтад хамруулах юм байна. Түүнчлэн ногоон ажлын байрны мэдээллийг цуглуулах, боловсруулах арга зүйг сайжруулах, туршилтын судалгаа явуулах, хот, орон  нутаг дахь байгаль орчны төрийн болон иргэний нийгмийн байгууллага, нөхөрлөлийн үйл ажиллагааны хамтын ажиллагааг хангахаар болжээ.

Б.Заяа

Холбоотой мэдээ