Батлан хамгаалахын багц хуулиудыг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-15 16:13:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтан БХЯ, НЗДТГ хамтран өнөөдөр Соёлын төв өргөөнд “Батлан хамгаалахын багц хуулиудыг сурталчлах өдөрлөг” зохион байгуулав.

Тус өдөрлөг нийслэлийн иргэдэд батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, батлан хамгаалах багц хуулиуд, цэргийн штабын үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой юм.

Батлан хамгаалахын багц хууль шинэчлэгдэн батлагдсан нь салбарын өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэх эрх зүйн таатай орчинг бүрдүүлсэн хэмээн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нээлтийн үеэр онцлов. Тэрбээр, “Багц хуулийн хүрээнд зэвсэгт хүчнийг цаашид хөгжүүлэх төрийн бодлого шинэчлэгдэж байгаа юм. Тиймээс энэхүү шинэчлэлийг иргэдэд таниуцлах нь туйлын чухал юм” гэлээ.

Монгол Улс мэргэжлийн, чадварлаг зэвсэгт хүчинтэй болж, олон улсын энхийг дэмжих үйлст идэвхтэй оролцож, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг НЗД С.Батболд нээлтийн үеэр онцоллоо. Тэрбээр, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зүгээс 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд эрдэм боловсролтой, эрүүл чийрэг иргэдтэй нийслэлийг бүтээн байгуулахын төлөө батлан хамгаалах салбартай нягт хамтран ажиллах болно” гэлээ.

Өдөрлөгийн үеэр 18 нас хүрсэн 9 иргэнд цэргийн үүрэгтний үнэмлэх, дурсамжийн хамт гардуулав. Мөн зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтан зарласан “Эх орон-Эр цэрэг” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд шалгасан оролцогчдод шагнал гардууллаа. Уг уралдааны гуравдугаар байрт Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 10-р ангийн сурагч А.Анужин, дэд байрт Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуулийн 10-р ангийн сурагч Н.Энхбаяр шалгарсан байна. Харин тэргүүн байрыг Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн 12-р ангийн сурагч Э.Баасансүрэн эзэлсэн байна.

Өдөрлөгт Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ЗХЖШ-ын удирдлагууд болон албаны төлөөлөгчид хүндэт зочноор оролцов.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ