Хаягдал усыг дахин ашиглах боломжийг эрэлхийлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-03-16 16:31:51

Дэлхийн усны өдрийг энэ жил НҮБ-аас “Хаягдал ус” уриан дор тэмдэглэхээр болсон байна. Монгол Улсад хэрхэн тэмдэглэх талаар өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс мэдээлэл хийлээ.

Жил бүрийн 3 дугаар сарын 22-нд тэмдэглэдэг эл арга хэмжээний хүрээнд  энэ сарын 20-нд “Улаанбаатар хотын ус хангамжийн өнөөгийн байдал” хэлэлцүүлэг, МҮХАҮТ-д “Хаягдал ус-Нөөц  баялаг” сэдэвт форум болон “Ус хөгжлийн түлхүүр” сэдэвт онол практикийн XII бага хурлыг зохион байгуулах юм байна.

Манай улс 2005 оноос Дэлхийн усны өдрийг  тэмдэглэж иржээ.  Энэ удаагийн усны өдрийн гол онцлог нь хаягдал усыг дахин ашиглах боломж, түүний ач холбогдлын талаар олон нийтэд таниулахад чиглэх юм байна. Манай улс жилдээ 500-600 сая шоо метр цэвэр ус ашиглаж, 470 сая шоо метр бохир ус гаргадаг аж. Энэхүү бохир буюу хаягдал усны 50 хувийг нь эргэн ашиглах боломжтойг  мэргэжилтнүүд онцлов. Тодруулбал бохир усан дахь бохирдуулагч элементийг авчихвал цэвэр ус болох бөгөөд үүнийг усалгаанд ашиглах боломжтой гэж үзжээ.  Өөрөөр хэлбэл хоногт ашиглаж буй 180 орчим метр куб усны талыг нь цэвэрлээд эргүүлэн ашиглах боломжтой аж.

Түүнчлэн манай улсын хувьд усны бохирдол агаар, хөрсний бохирдлын адил их байгааг салбарынхан тодотголоо.  

"Цэвэр усны нөөц багатай Монгол улс усаа бохирдуулж буй нь эргээд сөрөг үр дагавартай. 2020 он гэхэд дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрч, цэвэр усны нөөц дуусна гэсэн эрдэмтдийн судалгаа гарсан. Тиймээс усаа ариг гамтай, зөв зохистой ашиглах зайлшгүй шаардлагатай бид тулгарч байна” хэмээн Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн  гишүүн Д.Басандорж ярилаа.

Б.Заяа

Холбоотой мэдээ