Чөлөөлөх дайны дурсгалд зориулсан  баатруудын хөшөөнд цэцэг өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-18 20:36:47

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсад "Монгол цэргийн өдөр", орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 96 жилийн ойн баяр тохиолоо.

Түүхт ойг тохиолдуулан тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяр, ахмад дайчин М.Дэрэм, Ц.Бавуудорж болон албаны бусад хүмүүс Сайншандад буй зургаан баатрын хөшөө болон БНМАУ-ын баатар миномётчин Дашийн Данзанваанчигийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөөх үйлсэд хил дагуух аймаг, сум суурин онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Эх орны дайны хүнд жилүүдэд Сайншанд хотод Монгол, Зөвлөлтийн цэргийн ангиуд байрлан Монгол орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг харийн түрэмгийлэгчдээс сахин хамгаалж байжээ.

Сайншандын  нэгдүгээр багт байрлах энэ хөшөө бол чөлөөлөх дайнд оролцож гавьяа байгуулсан зургаан баатрын хөшөө.

Харин Зөвлөлтийн Улаан армийн хурандаа И.С.Дорожинский даргатай мотобуудлагын 27 дугаар тусгай бригад тус хотын урд дэнж дээр байрлаж байгаад 1945 онд чөлөөлөх дайнд оролцсон гэдэг.

1945 оны чөлөөлөх дайнд хурандаа Д. Нянтайсүрэнгийн командалсан хуягт бригад эх орны дуудлагаар мордож гарамгай гавъяа байгуулсан  түүх үлгэр домог мэт яригддаг.

Чөлөөлөх дайнд Дорноговь аймгийн уугуул  Д Данзанваанчиг болон энд цэргийн алба хааж байсан  С.Дампил, Л.Аюуш, хошууч Т.Дүүдэй, холбоочин М.Жанчив, хурандаа Д.Нянтайсүрэн нар эх орныхоо тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж Монгол Улсын баатар цол хүртсэн.

Тэдгээр баатруудын гэгээн дурсгалд зориулж  зураач, уран барималч Баадгайн Даваа энэхүү зургаан баатрын хөшөөг урласан түүхтэй.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ