Европын сэргээн босголт хөгжлийн банк “Ногоон хотууд” хөтөлбөрт дэмжлэг үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Засаг даргын тамгын газар Европын сэргээн босголт хөгжлийн банктай “Ногоон хотууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.
Санамж бичигт нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Төв Ази, Монгол, Орос улс хариуцсан захирал Наталиа Канженкова гарын зурсан юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ярихдаа, “Улаанбаатар хот өргөжихийн хэрээр агаар, ус, хөрсний бохирдол тулгамдсан асуудал болсон. “Ногоон хотууд” хөтөлбөрийг бохир усыг хэрхэн цэвэршүүлж, эргээд хэрхэн ашиглах, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх, хатуу хог хаягдлыг яаж шийдвэрлэх вэ гэсэн олон асуудлын хүрээнд хэрэгжүүлнэ. Түүнчлэн Улаанбаатар хотын өмнө цэвэр усны нөөцийн асуудал тулгамдаж байгаа. Европын сэргээн босголт хөгжлийн банктай ногоон хотыг бий болгох маш олон төслийг бэлтгэж, хэрэгжүүлнэ. НҮБ-ын конвенцид нэгдэн орсон улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ялангуяа хүлэмжийн хийг багасгах, томоохон хөрөнгө босгох ажил хийж, хэрэгжүүлж байгаа. Тиймээс бид бүхэн дэлхийн жишигт нийцсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, улмаар хөрөнгө мөнгө босгоход энэхүү санамж бичиг маш түлхэц болох юм” гэлээ.
Харин Европын сэргээн босголт хөгжлийн банкны Төв Ази, Монгол, Орос улс хариуцсан захирал Наталиа Канженкова, “Хатуу хог хаягдал болон бохир ус цэвэршүүлэх төслийн бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан. Дээрх төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг олоход дэмжлэг үзүүлнэ. Санхүүжилт, хөрөнгө оруулалтыг Дэлхийн Цаг уурын сангаас татах боломжтой. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын хөгжилд эерэгээр нөлөөлнө гэж харж байна” хэмээн ярив.
Р.Хишигжаргал