Хөвсгөл аймаг энэ онд 359 мянган шоо метр мод бэлтгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/ Дэлхийн ойн өдрийг тохиолдуулан Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас орон нутгийн хэвлэлийхэнд мэдээлэл хийв. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Хөвсгөл аймагт энэ онд түлээнд 307942 шоо метр, хэрэглээний мод 51526 шоо метр, нийт 359468 шоо метр модыг бэлтгэхээр болжээ. Мөн “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрөөр түлээнд 122520 шоо метр, хэрэглээнд 57168 шоо метр, нийт 179688 шоо метр модыг бэлтгэхээр баталжээ. Дээрх тушаалын дагуу аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас сумдад бэлтгэх модны дээд хязгаарыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар сумдад хэрэгжүүлж ажиллах ажлын зөвлөмжийг хүргүүлжээ. Сумдын хуваарийг хийхдээ сумдын ойн менежментийн төлөвлөгөө, ойн зохион байгуулалтын материал, ойн нөөц, сумын бодит хэрэглээ, захиалгыг үндэслэн хийсэн байна. Харин Мөрөн сумын хувьд өөрийн газар нутаг багатай, ойн сангүй учраас өөрийн хэрэгцээгээ хангах боломжгүй учраас зэргэлдээ болон ойн сангийн нөөц ихтэй сумдаас мод, модон материалын хэрэгцээг хангахаар зохицуулалт хийдэг гэдгийг хэлж байлаа.
Өнгөрсөн онд Хөвсгөл аймаг 30175 шоо метр хэрэглээний, 206032 шоо метр түлээний модыг бэлтгэжээ.
Б.Гантуяа