Итгэмжлэх жуух бичгээ барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-27 15:44:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Томислав Николичид Итгэмжлэх жуух бичгээ барив.

Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Томислав Николич Элчин сайд З.Батбаярыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайд З.Батбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Томислав Николичид уламжлаад, Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улс хоорондын уламжлалт найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа иргэд хоорондын хамтын ажиллагаанд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа байнга өргөжин тэлж, үр ашигтай хэлбэрүүдээр баяжин хөгжсөөр байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч Томислав Николич илэрхийлээд Элчин сайд З.Батбаярт ажлын амжилт хүслээ.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын гадаад харилцааны газрын дарга, Дипломат ёслолын газрын дарга Драган Петрович Чиеп, Бүгд Найрамдах Серби Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул доктор, профессор Марко Бумбаширевич зэрэг албаны хүмүүс байлцав.

Холбоотой мэдээ