ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевийг суудлаасаа огцрохыг шаардаж жагсав

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2017-03-27 16:48:27

Энэ сарын 26-ны өдөр ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Новосибирск, Калининград, Ростов, Омск, Хабаровск зэрэг томоохон хотуудад ОХУ-ын ерөнхий сайд Д.Медведевийг суудлаасаа огцорхыг шаардсан бүх нийтийн жагсаал болоо.

Түүнийг 70 тэрбум рублийн авлига авсан хэмээн улс төрч Алексей Навальный өөрийн цахим хуудсаар мэдэгдэн эсэргүүцлийн жагсаалд идэвхтэй оролцохыг ОХУ-ын ард иргэдэд уриалсан юм.

Москва хотын төв “Тверская” гудамжинд 8000 гаруй хүн цуглан Д.Медведевийг огцорхыг шаардлаа. Тайван эхэлсэн жагсаал эмх замбраагүй байдалд орсноор Цагдаагийн хүчний байгууллага оролцохоос өөр аргагүйд хүрэв. Энэ үеэр жагсагчдад зодуулсан 33 настай цагдаа хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Москва хотод жагсаалд оролцсон 500 гаруй хүнийг саатуулан хорив. Сатуулагдсан хүмүүсийн дунд жагсаал зохион байгуулагч  Алексей Навальный ч байгаа аж.

Алексей Навальный гэх өдгөө 40 настай хуульч, улс төрч эр “Авлигын эсрэг сан”-ийн тэргүүн юм.

Тэрээр Москва хотын төвд тайван жагсаал зохион байгуулах эрх хүсэн Москва хотын удирдлагуудад хандсан ажээ. Гэвч хотын удирдлагууд өөр газар санал болгосон байна. Санал болгосон хоёр газар Алексей Навальныйд таалагдаагүй учир зөвшөөрөлгүйгээр хотын төвд жагсчээ. Тиймээс жагсаалд оролцогчдыг  10-20 мянган рублиэр торгох, 100 цаг албадан ажил хийлгэх эсвэл 15 өдөр хорьж шийтгэх шийтгэл ногдуулах аж. 

Дашрамд дурдахад Алексей Навальный нь 2013 онд хотын захирагчийн сонгуульд өрсөлдөн 27 хувийн саналаар ялагдаж байв.

Москва хот

Л.Нандинцэцэг

 

Холбоотой мэдээ