Төрийн албан хаагчдыг шар усны үерээс сэргийлэх ажилд дайчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-03-29 00:06:13

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Засаг даргын захирамжаар Улаангом сумын 1-р баг буюу Чандманьд үүсэн шар усны үер дээр 700 гаруй төрийн албан хаагчид хоёр өдрийн турш ажиллаж хөлдсөн мөсийг цохиж суваг шуудуу татлаа.

Жил бүрийн өвөл, хаврын улиралд шар усны үерт автлаа хэмээн үе үе бухимддаг 1-р багийн иргэд өнөөдөр хэзээ мөдгүй үерт автах эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Өмнөх жилүүдээ бодвол гамшгийн хэмжээнд хүрсэн шар усны үерийг зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох байгууллагууд үе шаттайгаар авсан ч үр дүнгээ төдийлөн өгөхгүй байна. Нийтдээ 5 метрийн зузаантай хөлдсөн энэхүү мөс хайлснаар 1-р багт амьдардаг 530 гаруй айл өрх болон аж ахуйн нэгж, байгууллагууд тэр чигээрээ усанд автахад ойрхон байна. Саяхан Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн тушаалаар улсын онцгой комиссын шуурхай бүлэг Улаангомд ирж шар усны үерийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шаардагдах хөрөнгийг шийдвэрлүүлэх талаар Засгийн Газарт өргөн мэдүүлэхээр болсон. Гэвч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна. Аймгийн Онцгой комиссынхон мөнгө хүлээгээд гараа хумхиж зүгээр сууснаас нөөц боломжоо ашиглан шар усны үерээс сэргийлэх бүхий л ажлыг нэгдэж хийсэн нь дээр гэж үзжээ. Иймээс 700 гаруй төрийн албан хаагчдыг өнгөрсөн баасан, бямба гарагт шар усны үер дээр ажиллуулж, хөлдсөн мөсийг цохиулан 2 метр орчим гүнзгий суваг шуудуу татсан байна.

“Өнгөрсөн 1-2-р сард эрс хүйтэрсэн нь шар усны үер гамшигт хүрэх шалтгаан болсон. Мөн сүүлийн жилүүдэд хуучирсан шороон даланг засварлах, үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэг ч ажил хийгдээгүйн улмаас үүссэн байгалийн гамшгийг зогсооход хүндрэлтэй байна. Цаашид дулааны улиралд хуучин далангаа сэргээн засварлах, шинээр далан босгох ажилд анхаарахгүй бол энэ хаврыг аргалаад өнгөрүүлж болох ч ирэх жил дахин энэ асуудал сөхөгдөх нь тодорхой” хэмээн Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ