Баянхонгор аймаг Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-03 13:35:13

Баянхонгор/МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг нь жилдээ 10 мянган жуулчин хүлээж авах томоохон зорилтыг дэвшүүлсэн. Уг зорилтод хүрэх нэг томоохон алхам бий болж, Монголын аялал жуулчлалын холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахаар болсон байна.

Улаанбаатар хотноо болсон "ITM MONGOLIA" олон улсын аялал жуулчлалын 18 дахь удаагийн үзэсгэлэнд Баянхонгор аймаг оролцож, байгалийн дахин давтагдашгүй байдал, дэлхийд ганцхан Монголын говьд байдаг мазаалай баавгай, хүн төрөлхтний түүхийн өлгий болсон говийг нүдээр үзэх боломжийг танилцуулжээ. Үүний дүнд дээрх санамж бичгийг байгуулахаар болжээ.

Говь, хангай, тал хээр гэсэн гурван бүсийг өөртөө багтаасан онцлогтой, үүх түүхийн, байгалийн болон түүхийн цогцолбор газраар баян тус аймагт аялал жуулчлал хөгжих ирээдүй ойрхон байгааг үзэсгэлэнд оролцогчид онцолж байв.

Гуравдугаар сарын 31-нээс энэ сарын 2-ныг хүртэл үргэлжилсэн тус үзэсгэлэн нь аялал жуулчлалын салбарын шинэ бүтээн байгуулалт, үйлчилгээг сурталчлан танилцуулах зорилготой. Түүнчлэн аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүнээ борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжийг олгодог аж.  

                                                                                                                     Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ