Аутизмтай хүмүүст адил тэгш хандахыг НҮБ-ын тэргүүн уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-04-03 14:45:15

НҮБ. /Xinhua/. Аутизм буюу бусдаас өөрийгөө тусгаарлах өвчтэй хүмүүст адил тэгш хандаж, нийгэмд эерэг үүрэг гүйцэтгэх боломжийг тэдэнд олгохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш уриаллаа.

Ням гарагт тохиосон “Аутизмын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан А.Гутерриш ингэж уриалсан байна.

Тэрбээр хэлэхдээ “хуулийн өмнө эрх тэгш байх нь хүний үндсэн эрх юм. Аутизмтай хүмүүс ч нийгмийн бусад гишүүдийн адил хуулийн өмнө тэгш эрх эдэлнэ” гэжээ.

Аутизм бол мэдрэлийн хөгжлийн эмгэг бөгөөд ийм өвчтэй хүүхдүүд болон насанд хүрэгчид нь нийгмийн харилцаанаас өөрсдийгөө тусгаарладаг, өөрийгөө илэрхийлэх чадвар дутмаг байдаг. 

Аутизмтай хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад туслах хэрэгтэй гэдгийг олон нийтэд ойлгуулахын тулд НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ныг “Аутизмын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх дэлхийн өдөр” болгожээ.

Дэлхийн нийт хүн амын 1 орчим хувь нь аутизмын эмгэгтэй гэсэн тоо бий.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ