Гамлет буюу театрын бэлэг

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2017-04-04 11:52:36

Драмын театрын бэлэг

1962 оноос хойш дэлхийн “Театрын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон билээ. УДЭТ-ын хамт олон энэхүү баярын өдрөө угтаж жил бүрийн гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн өдрүүд”-ээр зарлаж өөрийн урын сан дахь дэлхийн сонгодог бүтээлүүдээс сор болсон бүтээлээ дээжлэн үзэгч түмэндээ өргөн барьдаг. Энэ удаад жүжгийн сонгодог бүтээлийн гурван оргилын нэг У.Шекспирийн “Гамлет” жүжиг тайзнаа "амиллаа".

Тус жүжгийг шинэчлэн найруулж тавих төсөл эхнээсээ л өрсөлдөөн ихтэй байсан бөгөөд үзэгчдийн ярианы халуун сэдэв болж байв.Найруулагч болон гол дүрийн жүжигчдийн сонгон шалгаруулалт нь хүчтэй “тэмцэл” дунд өрнөсөн гэж хэлж болно. 33 жилийн дараа “Гамлет” шинээр тавих нь гэх яриа бараг хагас жил үргэлжилсэн юмдаг.

Тэр бүхний эцэст тайзнаа тавигдсан “Гамлет” жүжиг сайн, муу олон шүүмжлэлийг араасаа дагуулсан хэдий ч хэвлэл мэдээлэлд нэртэй томоохон нийтлэлч, шүүмжлэгчид тайзны шийдэл, найруулагч, жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг нарт л онц дүн тавьсан. Харин жүжигчин О.Ганчимэгийг Офелиягийн дүрд тоглохдоо Жулеттаг бүтээсэнтэйгээ хольж хутгаад байна гэхчлэн шүүмжилж байсан юм. Гэхдээ энэ бүхний талаар сүүлд ярих болно.

Ямартай ч театрын үзэгч олондоо барьсан бэлэг, дахин тайзнаа амилсан “Гамлет” хунтайжийн эмгэнэлт түүх сонгодог урлагийн үнэнч фэнүүдэд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Жүжиг дууссаны дараа нэгэн хэвийн уйтгарт амьдрал, нийгмийн хар бараан аж төрөхүйг үзэн ядаж, өөрийн оршихуйг тунхаглагч “Гамлет”-аар бэлэг барьсан найруулагч Н.Наранбаатар болоод жүжигчид, тайзны зураач, гэрэлтүүлэгч, арын албаны бүх л хүмүүст хандаж үзэгчид нижгэнэсэн алга ташилтыг чин сэтгэлийнхээ угаас илгээсэн юм.

Хамгийн түрүүнд хэнд онц дүн тавих вэ?

Аавыг нь хороож, ээжийг нь зугаа цэнгэлд урин дуудаж, хаан ширээнд заларсан авга ахыгаа үзэн ядавч хэрхэх учраа ололгүй галзуу хүний дүрд хувирсан Гамлетын өмнөөс театрын улаан суудал дээр заларсан үзэгч бүр шаналж байв. Эцэст нь Гамлет өшөөгөө авлаа. Бүгд баярлав. Дараа нь тэр хортой илдний үзүүрт, үнэнч шударга явсныхаа төлөө амиа өгөв.Гамлет оршихуйгаас чөлөөлөгдөж хумхын тоос болон сарнив. Ингээд л шаналал дуусах нь тэр.

Жүжиг дуусч, үзэгчдийн сэтгэл зүй жүжгийн амьдралаас хөндийрч олон бужигналдаж, гарах хаалга тийш зүтгэх олны дунд эргэн ирэв. Яг тэр мөчтэй уралдаад хамгийн түрүүнд хэнд онц тавих вэ? гэсэн асуулт урган гарна.

Энэ асуултад мэдээж хүмүүс өөр өөрсдийн хайртай жүжигчин, найруулагчийн нэрийг хэлж хариулна. Харин ихэнх нь Гамлетын дүрийг бүтээсэн С.Болд-Эрдэнэд нэн түрүүнд улаан таван хошуу зурж, онц дүн тавих нь тодорхой. Тэрээр энэ удаагийн тоглолт дээрээ өмнөхөөс илүү гайхалтай байсныг үзэгч бүр гайхан биширч байснаа нуулгүй өөр хоорондоо ярилцаж байв.

Тэр үнэхээр залуухан, ухаан төгөлдөр Данийн хунтайж Гамлетыг Монголын драмын театрын тайзнаа мөнхжүүлж чадлаа. Одоо түүнд их найрагч Б.Явуухулангийн шүлэглэсэн шиг “Дэлхийн дэвжээ” хэрэгтэй мэт санагдана. Үнэндээ Гамлетын аавыг хороож, ээжтэй нь дэр нэгтгэсэн Данийн ван Клавдийгийн дүрд тоглосон МУГЖ П.Цэрэндагва гуайн жүжиглэлт онц гойд зүйлгүй байсан бөгөөд залуу жүжигчдэд халаагаа өгөх цаг нэгэнт болж дээ хэмээн санагдаж байсныг нуух юун билээ. Гэхдээ л П.Цэрэндагва, Гертрудагийн дүрийг бүтээсэн Ж.Оюундарь, Офелиягийн аав Полонийд Б.Жаргалсайхан нарын жүжиглэлтийг дүгнэж ярих нь илүүц. Учир нь тэд театрын тайзыг үргэлж гэрэлтэй, энэ урлагийг амьд сэргэг зүйлсээр дүүрэн байлгахын төлөө амьдралаа тэр чигт нь зориулсан хүмүүс гэдгийг үзэгч хийгээд уншигчид сайн мэднэ.

Нийгэм үргэлж хар хөшигний цаана оршдог мэт нууцлагдмал харанхуй байдал хүмүүсийн өмнө тохиолддог. Бүх хүн баг өмсчихсөн, худал хуурмагийн дүрд тоглож байдаг. Үүнийг бидэнд Гамлет харуулдаг.

Тайзны хөдөлгөөн, сэлмээр тулалдах үйл явц, дүрээ олон өнцгөөс харж гайхалтайгаар амилуулж чадсан залуу Гамлет С.Болор-Эрдэнэд хамгийн түрүүнд онц дүн тавих нь зүйтэй. Мэдээж дараа нь дүрийн сонголт дээрээ огтхон ч алдаагүй, шинийг туршигч, зоригтой найруулагч Н.Наранбаатарт онц тавья.

Асуудал алга

Англи хэлээр бүтээн туурвидаг алдартай зохиолчдын тэргүүнд У.Шекспир, Ч.Диккэнс гэх хоёр нэр л бичигддэг. Бүр хүмүүсийн дунд санал асуулга явуулсан ч тэр шүү дээ. Эцэст нь адилхан л үр дүнд хүрнэ.

Өнөөдөр Монголын тайзнаа тавигдсан гадаадын зохиолчдын хамгийн шилдэг хоёр жүжгийг олны санал асуулгаар шалгаруулвал “Гамлет”, “Ромео Жульетта” л үлдэнэ гэж мөрийцөхөд ч бэлэн байна.

Жүжигт хайр дурлал, атаа жөтөө, өс хонзон бүгд зэрэгцэн оршино. Эдний нэг нь л үгүй бол номын хуудсан дутсан мэт зохиол өөрөө үлбэгэр байдалтай үгэн сувс л болж үлдэнэ. Шекспирийн бүхий л жүжгүүд дээр явдаг шугам нь “Нэг хааныг хэрхэн нөгөөгөөр солих вэ” гэх асуулт байдаг. “Гамлет” ч энэ асуутлыг маш хүчтэй хөндсөн жүжиг. “Орших уу, эс орших уу, асуудал энд л байна...” гэх буюу Гамлет өөртэйгөө ярьж байна уу, зүгээр байна уу гэдэг нь мэдэгдэхгүй. 1948 онд уг жүжгээс сэдэвлэсэн кинонд Л.Оливэр амаа хөдөлгөхгүй, царай нь бодлогоширсон дүрд хувирч, дэлгэцийн ард дуу оруулсан байдаг. Ганцаараа байгаа хэрнээ өөртэйгөө ярих хэлбэрийг зохиолдоо маш гаргуун ашиглаж чаддаг нь Шекспирийн гайхалтай ур чадвар.

Тиймээс жүжгийн зохиолын талаар хэн ч юу ч ярихгүйгээр Шекспирийг зуу зууны туршид хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Харин тайзан дээр жүжгийг амилуулахад амаргүй. Найруулагч, жүжигчид хийгээд тайз засал, зураачдын нарийн ур чадвар шаардлагатай болно. Ямартаа ч хэдхэн секунд эргэлдээд л хааны ордон, оршуулгын газар, Гертрудагийн өрөө, Полоний гэр болоод хувирчихдаг тайзан дээр жүжигчид хүртэл сэтгэл хангалуун тоглож чадна. Магадгүй дэлхийн аль нэг театраас санаа авсан гэх хардлага байлаа ч гэсэн Монголд бол шинэлэг зүйл. Театрын урлагаар дэлхийтэй хөл нийлүүлэн алхах бүрэн нөөц бололцоо бидэнд бий юм шүү гэдгийг тэд харуулж чадлаа.

Жүжигчид, найруулагчид, тайзны зураачид, жүжгийн зохиолчид хүртэл манайд байна. Оноож нэрлэх ч хэрэг байхгүй. Учир нь “Гамлет”-ийг үзэхэд л үүнийг ойлгоно. Шатсан нурамнаас үнс болоод амилдаг галт шувууны тухай домгийг бид мэднэ. Яг түүн шиг уран бүтээлчид маань зориглож чадвал театр үргэлж цоо шинэ байхын баталгаа нь энэ билээ.

Тэднийг хайрлахын учир

Офелиягийн дүрийг өмнө нь жүжигчин А.Ганчимэг бүтээж байсан бол энэ удаад залуу жүжигчин М.Тогтохжаргалд тус дүр оногджээ. Жүжгийн явцад ганцаараа золиос болж үлддэг, үзэсгэлэн төгөлдөр хэдий ч өрөвдмөөр хувь тавилантай хөөрхий Офелиягийн дүрд М.Тогтохжаргалын дүр төрх, хоолойн яв цав таарч байсныг дурдууштай. Офелия бол тухайн нийгмийн золиос болж үлдсэн дүр. Суут зохиолч маань үзэгчдийн дунд маргаан дэгдээсэн ийм нэгэн золгүй бүсгүйн дүрийг урлаагүй бол жүжиг уйтгартай байх нь мэдээж.

Найруулагч Н.Наранбаатар Гамлетыг аавынхаа сүнстэй учирч буй хэсгийг тайзны доороос утаа савсан буйгаар дүрслэн үзүүлжээ. Мөнхүү арын тайзанд байрлах оршуулгын газрын хаалганы дээр хоёр улаан гэрэл асах нь ямар нэг амьтны нүд шиг харагдана. Мэдээж гайхалтай санаанууд найруулагч хүний тархинд хэдэн зуугаараа эргэлддэг байх. Гэвч жүжгийнхээ үйл явдлыг илүү тод гаргахын тулд ийн сэтгэж чадсанд нь талархнам.

2012 онд  Монголын тайзнаа “Гамлет” шинээр эргэн ирэх тэр үед хүмүүс жүжигчид хийгээд найруулагчийн талаар хангалттай ихийг ярилцсан. Гэхдээ энэ яриа дуусах болоогүй, одоо ч үргэлжилж байна гэдэг юутай сайхан.

Б.Алтанхуяг

Холбоотой мэдээ