Евгений Евтушенког оршуулах ёслол 4 дүгээр сарын 12-нд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-04-04 16:17:41

НЬЮ-ЙОРК. /TASS/. Евгений Евтушенког Орост оршуулах ёслолыг 4 дүгээр сарын 12-нд хийхээр болжээ. Энэ тухай түүний гэр бүлийн найз, яруу найрагч Михаил Моргулис хэллээ.

“Бид эхэндээ 4 дүгээр сарын 9-нд түүнийг оршуулахаар төлөвлөж байсан юм, гэтэл тухайн өдөр бүтэн сайн өдөр байсан, дээр нь шашны баярын өдөр тохиож таарсан болохоор Женятай салах ёс гүйцэтгэх ёслолыг 4 дүгээр сарын 12-нд хийхээр хойшлууллаа” гэж тэрбээр тайлбарлажээ.

Түүний ярьснаар, яруу найрагчтай иргэд салах ёс гүйцэтгэх ёслолыг Москвагийн Зохиолчдын ордонд хийх бөгөөд урьд нь төлөвлөж байснаар талийгаачийг Москва орчмын Переделкино тосгонд оршуулах юм. Салах ёс гүйцэтгэх болон оршуулах ёслолыг нэг өдөрт хийхээр төлөвлөжээ.

Үүний зэрэгцээ Евтушенкотой салах ёс гүйцэтгэх ёслол АНУ-д лхагва гараг буюу 4 дүгээр сарын 5-нд болно. Оклахома муж улсын Талса хотын их сургуулийн сүмд орон нутгийн цагаар 17:00-д үдэн гаргах, салах ёс болно гэж М.Моргулис тодруулжээ.

Үүнээс гадна Евгений Евтушенкотой салах ёс хийх тусдаа өөр нэгэн ёслол мөн энэ өдөр яруу найрагчийн сүүлийн 25 жилийн турш багшилж байсан их сургуульд болно. “Яруу найрагчийг хүндэтгэн хайрладаг багш нар, хамтран ажиллагчид, оюутнууд, шавь нар нь агуу их Евтушенкотой салах ёс хийхийг хүссэн юм” гэж М.Моргулис тайлбарлалаа.

Үүний дараа лхагва эсвэл пүрэв гарагт түүний цогцсыг Орос улсад хүргэн ирэх юм. Михаил Моргулис өөрөө энэ өдрүүдэд Орост байх юм. “Хэдийгээр би Оклахомад Женятай салах ёс хийх боловч Маша /Евтушенкогийн эхнэр/ намайг энэ өдрүүдэд Орост хамт байж, түшиг болохыг хүссэн юм” гэж тэрбээр ярилаа.

Евгений Евтушенко Эрхүү мужийн Зима өртөөнд геологич, яруу найраг сонирхогч Александр Гангнусын гэр бүлд төржээ. Евтушенкогийн анхны шүлэг нь “Зөвлөлтийн спорт” сонинд нийтлэгдэж байсан бол “Ирээдүйн тагнуулчид” шүлгийн ном нь 1952 онд анх хэвлэгдэж байжээ.

Тэрбээр мөн онд ЗХУ-ын Зохиолчдын холбооны хамгийн залуу гишүүн болсон байна. 1991 онд Талса хотын их сургуультай гэрээ байгуулж, англи хэлээр Оросын уран зохиол, Оросын болон Европын киноны түүхийн хичээл заахаар АНУ руу явжээ.

Яруу найрагч 85 насандаа 3 дугаар сарын 12-ноос хойш хавдрын эмчилгээ хийлгэж байгаад тус хотын эмнэлэгт таалал төгсчээ.

О.Барс

 

 

Холбоотой мэдээ