М.Энхболд:Бид оффшор дансны эсрэг тууштай зогсох болно
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 11.10 цагт 71.1 хувийн ирцтэй нээлтээ хийв.
УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нээлтийн үеэр, “Чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд 100 мянга гаруй иргэдтэй уулзалт хийж, Монголын нийгэм, эдийн засгийн хөгжил, цаашид хийх ажлуудаа танилцууллаа. УИХ-ын сонгуулийн үеэр ард түмэн бидэнд асар их итгэл найдвар хүлээлгэсэн. Тиймээс биднээс богино хугацаанд сайн сайхан зүйл хийхийг хүлээж байна. Тэдний хүлээлтэд хүрч ажиллахгүй байгааг хэлж байна. Мөн тахиа жилд эдийн засгийн хүндрэлээс гарна гэсэн билэгт сайн үг ч хэлж байна. Гагцхүү улс төржилт, талцал бүдний ажилд гай болж мэднэ. Та бид түмэн олныхоо итгэл найдварыг алдах ёсгүй. Шаварт унасан улсаа татан гаргах үүрэг биднийх. Энэ УИХ Монголын түүхэнд сайнаар үлдэх олон зүйл хийгээсэй гэж хүсч байна.
УИХ 2017 оны төсвийн тодотголыг батлахдаа хэмнэлтийн горимд шилжихэд онцгой анхаарч, Засгийн газар тууштай ажилласнаар эдийн засагт эерэг өөрчлөлт гарч байна. Тухайлбал, төсвийн тэнцвэржүүлсэн орлого нь энэ оны эхний хоёр сард 254.5 тэрбумаар давсан, татварын төлөвлөгөө 10 тэрбум төгрөгөөр давж, төсвийн ерөнхийлөн захирагч нар 154 тэрбум төгрөг хэмнэжээ. Мөн 580 сая ам.долларын өрөө төлсөн. Энэ үеэр олон улсын хөрөнгө оруулагчид 3 тэрбум гаруй ам.долларын бонд худалдан авахад бэлэн буйгаа илэрхийлсэн. Бүгд Найрамдах Бангладеш Улсын нийслэл Дака хотноо болсон Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны Ассамблейн 136 дугаар чуулганд оролцож, Ази, номхон далайн орнуудын бүлгийг даргалах болсон. Тэд биднийг дэмжиж, туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Засгийн газар ОУВС-тай хэлэлцээ хийсний үр дүнд хөтөлбөр хэрэгжихээр болсон. Энэ нь урд гарсан алдаа дутагдлыг дүгнэж, эдийн засгийн хүндрэлийг даван туулж, хөрөнгө оруулагчийг татах, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд нааштай үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байна” гээд Монгол Улсыг дэмжиж, тусалж ирсэн улс орнуудад УИХ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Мөн тэрбээр, “ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн асуудлыг шийдэх ёстой. Нэн түрүүнд 2017 оны төсөвт тодотгол хийж, орлогын тогтвортой эх үүсвэр бий болгож, сахилга батыг дээшлүүлнэ. Тодотголтой хамт зарим төрлийн татварыг үе шаттай нэмэх асуудлыг хэлэлцэх болно. Ингэхдээ олонх, цөөнх гэхгүйгээр иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө багатайгаар шийдвэрлэх чиглэлд ажиллах ёстой. Ерөнхий сайд саяхан төрийн удирдах ажилтнуудтай уулзах үеэр хийх ажил, бодлогоо тодорхойлсон. Эдийн засгаа эрүүлжлүүлэх гол ажил энэ хавар эхэлж, энэ ондоо багтаж дуусахыг эрмэлзэх ёстой. Засгийн газар зөв бодлого хэрэгжүүлж, “Чалко”-ийн өрийг дарлаа. Одоо баялгийн мөнгө бидэнд бүрэн ирэх боллоо. Одоо дотоодын банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг УИХ батлах ёстой.
Түүнчлэн бид оффшор дансны эсрэг тууштай зогсох болно. Төрийн албаны сахилга бат, чадварыг дээшлүүлэх хуулийн төслүүдийг энэ ондоо батлах хэрэгтэй” хэмээв.
Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж байна.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал