Сингапурын нийгмийн эрүүл мэндийн сайн туршлагаас суралцаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ, Сингапурын Темасекийн сан, Наняны политехникийн сургууль хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх” төслийнд хүрээнд зохион байгуулагдаж байгаа менежерийн түвшний эхний ээлжийн сургалт эхэллээ.
Энэ удаагийн сургалтад ЭМЯ-ны холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдээс гадна яамны харьяа зарим төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн удирдах ажилтан, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтэн, Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга нарын төлөөлөл болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож байна.
Сургалтад оролцогчид Сингапур улсын эрүүл мэндийн тогтолцоо, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар баримталж буй бодлого, стратеги, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, хоол тэжээлийн хөтөлбөр, хөдөлмөрийн эрүүл мэнд, орчны эрүүл мэнд, хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон халдварт бус өвчин болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, тандалтын тогтолцооны талаар тус улсын туршлагыг судалж байна.
Ялангуяа Сингапур улс нь газар нутгийн хэмжээ бага хэдий ч 5.6 сая хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах хот төлөвлөлтийг зөв зохион байгуулж чадсан дэлхийн шилдэг туршлагатай орон бөгөөд нийгмийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэлээ болгож, үүнд засгийн газраас эхлээд төрийн бүх байгууллага, олон нийтийн байгууллага, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг ханган ажиллаж байна.
Сургалтад оролцогчид Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар туршлагаа хуваалцав.
Тус сургалт 14 хоног үргэлжилнэ хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.
Ж.Болор