“Спортын алдартан-бидний бахархал” уулзалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр НҮБ болон ОУОХ-той хамтран Монголын үндэсний олимпийн хорооноос “Спорт-Хөгжил-Энхтайван” өдөрлөгийн хүрээнд “Спортын алдартан-бидний бахархал” уулзалтыг өөрийн байрандаа зохион байгуулав.
2013 оноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 6-нд “Спорт-Хөгжил-Энхтайван” уриан дор дэлхий дахинаа спортыг ирээдүйд таниулан сурталчилах өдөр хэмээн тэмдэглэдэг болжээ. “Спортын алдартан-бидний бахархал” уулзалтын хүндэт зочноор Хөдөлмөрийн баатар, “Бээжин 2008” олимпийн наадмын аварга, гавьяат тамирчин МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Ардын багш, “Москва-1980” олимпийн наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин нар оролцлоо. Мөн Төрөлжсөн сургалттай спортын дунд сургуулийн захирал, доктор, профессор Ч.Зоригтбаатар болон МҮОХ-ны Олимпийн сургалт, сурталчилгааны албаны дарга Ц.Цэнд-Аюуш нар ирсэн байв.
Энэ уулзалтад оролцсон сурагч хүүхдүүд олимпийн баатруудтай халуун яриа өрнүүлж, өөрсдийн сонирхсон асуултаа тавьж хариулт авсан юм. Ц.Дамдин, Э.Бадар-Ууган нарын алдартнууд хүүхэд нас, хүсэл тэмүүлэл анхны тэмцээн, ялалт, ялагдал, олимпийн наадмын торгон агшины талаар мартах аргагүй дурсамж яриаг нь сонслоо.
Уулзалтын төгсгөлд спорт цэвэр ариун ёс зүйтэй байхыг эрхэмлэн бэлгэдэж сурагчид цагаан цаас барин зогсч дурсгалын зураг татуулав. Энэ өдөр ийм уулзалт, арга хэмжээг дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулж байгаа юм.
Д.Өлзий