Г.Батжаргал: Биднээс гарч байгаа бодлогын шийдвэр болгон зөв чиглэл рүү явж байна гэж хардаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд 2000 оноос хойш тасралтгүй таван удаа сонгогдон ажиллаж буй цор ганц төлөөлөгч бол Гончигдоржийн Батжаргал. Мөн энэ хугацаанд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр найман жил, аймгийн ИТХ-ын даргаар дөрвөн жил ажиллсан. Өдгөө тэрбээр Баянхонгор аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг хийж буй. Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалтай ярилцсанаа хүргэе.
-Бидний ярилцлага таны тун завгүй үеэр таарлаа. Цаг үеийн үйл явдлын мэдээллээсээ хуваалцаач?
-Сүүлийн үед төрийн ажлын хуваарийн дагуу ачаалалтай өдрүүд өрнөж байна. Ерөнхий сайдын ажлын айлчлал, их цасны дараах өвс тэжээлийн хүргэлт, аймгийн Уул уурхайн зөвлөлгөөн, Баянхонгор аймгийн Хөрөнгө оруулагчдын зөвлөлгөөн зэрэг олон ажлууд өрнөлөө.
-Уул уурхайн зөвлөлгөөний талаар тодруулахгүй юу?
-Зөвлөлгөөнд нийтдээ 200 гаруй компани аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон. Зөвлөлгөөнөөр аймгийн зүгээс уул уурхайд баримтлах гурван чиглэлтэй бодлогоо гаргаж танилцууллаа. Нэгдүгээрт нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбогдох асуудлаар. Өнөөдөр Баянхонгор аймгийн хэмжээнд 74 аж ахуйн нэгж хайгуулын 99 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Үүнээс тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа буюу хайгуул хийж байгаа нь 22 орчим компани байна. Үлдсэн компаниуд нь хайгуулын ажлаа хийдэггүй, хуурамч тодорхойлолтыг сумдын удирдлагуудаас аваад хайгуулын зардлын доод хэмжээг гаргасан мэтээр тайлагнаж, хайгуулын лицензээ хүчин төгөлдөр байлгаад байдаг. Тэгэхээр энэ жилээс бол бүх сумдын удирдлагууд, байгаль орчны хүмүүст нийт компаниудыг яг хайгуул хийсэн хийгээгүйг л тодорхойл. Хэрэв хийгээгүй байвал тухайн компанид ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тухайн жилд зарцуулагдах хайгуулын зардлын доод хэмжээг гаргаагүй гэдэг үндэслэлээр тухайн байгууллагын хайгуулын лицензийг цуцлах арга хэмжээ авна. Ингэснээр бид эргэж Ашигт малтмалын газраар дамжуулан чадвар сайтай компаниудад нь хуулийн дагуу олгох, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого баримтлах юм.
Дараагийнх нь бол ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай холбоотой. Манай аймгийн хэмжээнд 50 гаруй ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Үүнээс 20 гаруй компани нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Гурванбулагаас бусад нутаг дэвсгэрт оршиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг хуулийн хүрээнд бүрдүүлэх материалаа бүрдүүлээд аймаг орон нутагтай хамтарч ажиллах хамтын ажиллагааны гэрээг хийсэн нөхцөлд ажилд нь гаргана, ямар нэгэн байдлаар дутуу бичиг баримтай хүрч ирээд ажлаа эхлэх боломж байхгүй шүү гэдгийг хатуу сануулж байгаа. Тэнд зөвхөн хяналтын чиг үүрэг бүхий байгууллагууд л очиж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна уу гэдгийг шалгадаг, гарсан зөрчлийг таслан зогсоодог, зөрчлийг арилгах хүртэл лац тавьдаг, зөрчилгүй болсны дараа нь нээдэг байх зарчмаар ажиллана. Хаа хаанаа хариуцлагатай байя аа гэж байгаа юм. Товчоор бол тоглоомын дүрмээ тодорхой болголоо.
-Нөхөн сэргээлтийн тухайд?
-Зөвлөлгөөнөөр тус асуудлыг мөн тодорхой болголоо. Манайх эвдэрсэн газрын тооллого судалгаагаар уул уурхай, хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанаас болж эвдэрсэн газар нэлээд байна. 2009 онд явуулсан эвдэрсэн газрын тооллого судалгаагаар манай аймгийн хэмжээнд 701 га талбай эвдэрсэн байсан бол сүүлийн судалгаагаар 453 га газар эвдэрчээ. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан ажил арга хэмжээний үр дүнд нийтдээ 250 орчим га талбайд нөхөн сэргээлтийг хийсэн байна. Орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрийг дайчлаад тодорхой хэмжээгээр түүнийг нөхөн сэргээж болно. Биологийнх биш юм аа гэхэд дарж түрэх аргаар хийж болно. Мөн л их хэмжээний зардал орно, шаардагдах хэмжээний хөрөнгө одоогоор орон нутагт маань алга. Ингэж түрж дарлаа гэхэд иргэд дахин шороог шигших зорилгоор ахиад л хөндийлчихдөг туршлага байна. Тэгэхээр олон хүчин зүйлээс шалтгаалан, шороонд үлдсэн байж болох баялгийг бүрэн хэмжээгээр нь олборлон авч, түүнийхээ дараа нөхөн сэргээлт хийсэн нөхцөлд л хэн ч тийшээ орохгүй.
-Жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Баянхонгор аймагт мал таван төрөл дээрээ өссөн дүн гарсан. Үүнийг дагаад бэлчээрийн даацын асуудал сөхөгдөнө. Баянхонгорт бэлчээрийн доройтол хэр их байна?
-Манай аймаг 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 4.2 сая гаруй мал тоолуулсан. Баянхонгор аймаг маань бэлчээрийн даацын хувьд хүнд болчихоод байгаа нь үнэн. Хонин толгойд шилжүүлээд үзвэл зарим сумд бэлчээрийн даац 3-4 дахин хэтрэлттэй байж байна. Тэгэхээр энэ байдлыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Хэдий олон малтай байна, түүнийгээ дагаад малчны орлого, ахуй амьдрал сайн байх нь тодорхой. Гэхдээ мал сүрэг амжиргааны маань эх үүсвэр гээд малаа хэт өсгөөд байх нь бэлчээрийг доройтуулж, өөрөө өөрийгөө нөхөн сэргээх боломжийг нь олгохгүй, он удаан жил ашиглаж талхалснаас болоод бэлчээрийн цөлжих, цаашид ашиглах боломжгүй болох аюулын харанга дэлдэж байна. Энэ чиглэлийн асуудал аймаг орон нутгийн зүгээс онцгой анхаарч малчдынхаа сэтгэлгээний чиг хандлагад өөрчлөлт оруулахаар зорьж байна. Бэлчээр байхгүй бол мал байхгүй, мал байхгүй бол малчин байхгүй. Тэгэхээр бэлчээртэйгээ уялдсан мал аж ахуйн бодлогыг хэрэгжүүлэх цаг болсон байна. Иргэдийн зүгээс энэ асуудлыг ойлгож байгаа. Тодорхой хэмжээгээр малаа татвартай болгох саналыг малчидтай уулзаж малчдын зөвлөлгөөнд оролцоод явахдаа хэлж байгаа.
Бид нэгдүгээрт, тухайн газар сум орон нутгийн бэлчээрийн даацад тохирсон мал сүрэгтэй байлгах бодлогыг хэрэгжүүлнэ, үүнийг заавал төрийн бодлого хууль тогтоомж хүлээн цаг алдан суух биш яг тухайн багийн иргэдээр дамжуулан хэлэлцүүлж, шийдвэрлүүлье гэж зорьж байгаа. Швейцарийн хөгжлийн агентлагийн хэрэгжүүлсэн бэлчээрийн менежмент төслийн үр дүнд манай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний алба гэхэд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бэлчээрийн даац тодорхойлох боломжтой болчихсон. Аль цэг дээр ямар хэмжээний бэлчээрийн даац байгаа вэ гэдгийг тодорхойлох боломжтой болсон. Үүнийг ашиглаад жил болгоны 8 дугаар сарын 15-ны дотор тухайн сумын, багийн бэлчээрийн даацыг төрийн байгууллага тогтоож өгдөг байя. Тухайн багийн бэлчээрийн даац ямар байгаа вэ гэдгээр нь тухайн жилийн ургац ургалтын байдалтай холбогдуулан тогтоосон тооцоо судалгаан дээр үндэслээд тухайн багийн Иргэдийн Нийтийн хуралд манайх ямар хэмжээний мал сүрэгтэй байх юм бол энэ өвөлд өнөтөй өвөлжих боломж бололцоо байна гэдгийг хэлэлцдэг байя гэж байгаа юм. Тухайн жилд тогтоогдсон малын хэмжээнээс хэтэрсэн малынхаа тоогоор тодорхой хэмжээний мөнгийг багийнхаа бэлчээрийн санд төвлөрүүлдэг, түүгээрээ худаг уст цэг гаргах, бэлчээрээ тэлэх, өвөлжөө хаваржаа гаргах зэргээр бэлчээртэй уялдсан ийм үйл ажиллагааг энэ сангийн их үүсвэрээр шийддэг, багийн иргэдийн нийтийн хурлаар шийдвэрлүүлдэг байя гэх ажлыг малчидтай хэлэлцээд явж байна. Нийт малчдын хувьд дэмжиж байгаа. Хэт олон мал бэлчээрийн дайсан болж байна гэдгийг хаа хаанаа ойлгодог болсон учраас иймэрхүү бодлого иргэдийн зүгээс дэмжлэг авч байна. Ингэж бид бэлчээрээ хамгаалахгүй бол болохгүй, нөгөө талдаа нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, чанартай өндөр ашиг шимтэй малыг бий болгохыг зорино. Мал сүргийн чанарыг сайжруулах асуудлыг төрийн бодлогын хүрээнд хэрэгжүүлье гээд манай аймаг Торгон сүрэг гэдэг хөтөлбөр гаргаад ажиллаж байна. Энэ нь олон малаас биш цөөн малаас ашиг шимээ өндөр хүртэж байя, нөгөө талдаа бэлчээрээ хамгаалах бодлого зорилт явж байгаа юм.
-Баянхонгор сумын хэмжээнд хүн амын төвлөрөл хэр хэмжээнд байгаа вэ? Аймгийн төвийн хүн амын талаас илүү нь гэр хороололд амьдардаг. Утааны асуудал том хэвээр л байна?
-Баянхонгор сум 31 мянган хүн амтай. Өдөр тутамдаа орж гарч байгаа хөдөлгөөнт хүн амаа тооцвол 35 мянга хол давна. Үндсэндээ аймгийн нийт хүн амын 40 орчим хувь нь аймгийн төвдөө амьдарч байгаа юм. Үүнийгээ дагаад манай аймгийн утааны асуудал маш хүнд. Агаарын бохирдлын гол үүсвэрүүдийн нэг болсон том жижиг нийлсэн 12 халаалтын зуух манай аймгийн хэмжээнд байна. Энэ зуухнуудыг нэгдсэн халаалтад шилжүүлэх асуудлыг Засгийн газар, Эрчим хүчний яаманд асуудлаа тавиад, энэ жилдээ багтаагаад ажлыг эхлүүлж өгөөч хэмээн хүсэлт тавиад байгаа. Баянхонгор аймагт Дулааны цахилгаан станц барих ажлыг Солонгосын банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдэгдэхээр болсон. Утаатай холбоотойгоор хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа учир бид нэг өвлийн өмнө ч гэсэн Дулааны станцыг баримаар байна хэмээн холбогдох газруудад уламжилж байна. Мөн гэр хорооллын өрхүүдэд хоёр тарифт тоолуур нэвтрүүлэх замаар шөнийн оргил ачааллын цагт нь эрчим хүчний хэрэглээг маш хямд үнээр нийлүүлснээр утааг багасгах бас нэг гарц гэж харж байгаа. Тийм учраас энэ жил орон нутгийн төсвөөс 190 сая төгрөг, Эрчим хүчний яамнаас нэмэлт 100 сая төгрөгийн эх үүсвэр шийдэж өгч, нийтдээ 290 сая төгрөгөөр утааны төвлөрөл ихтэй 4 болон 5 дугаар багуудын цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээний өргөтгөлийг хийе, тарифт тоолуур нэвтрүүлье гээд ажиллаж байна. Энэ хоёр асуудлыг ажил хэрэг болгосноор утааны асуудлыг богино хугацаанд шийдэх гарц байна гэж харж байгаа. Түүнээс гадна гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөлтийн хүрээнд шинэ суурьшлын бүсийг бий болгох, төвийн цэвэр бохир ус, дулааны шугамд холбогдсон хаус хорооллуудыг байгуулах зэргээр утаа гаргадаг цэгийн тоог бууруулах бодлогыг барьж ажиллана.
-Таны ажлаа хүлээж авснаас хойшхи анхны “сенсацитай” ажил тань аймгийн нийт багш нараас Засаг даргын нэрэмжит шалгалт явдал байсан болов уу. Энэ алхам тань олны талархал, эгцүүдлийг зэрэг хүргэх шиг болсон. Энэ мэт цочроо хэрэгтэй ямар салбар байна гэж харж байгаа вэ?
-Цочроо хэрэгтэй салбар төрийн байгууллага өөрөө болчихоод байна. Төрийн албанд ажиллаж буй хүмүүсийн өөртөө тавих шаардлага суларчихаж. Өнөөдөр төр иргэнд үйлчилдэг, иргэний төлөө л ажиллах газар байх ёстой бол мэдлэг боловсрол дутмаг, намын болон танил талын шахаагаар төрийн албанд орчихдог, тухайн ажлын байрны шаардлагыг хангадаггүйгээс болоод нэр хүнд ч муу байна. Ажлаа мэддэггүй хүн дээр иргэд ажлаа шийдэх гээд орохоор тухайн иргэний асуудлыг яаж шийдэхээ мэдэхгүйгээс болоод цаг алдах, иргэдийг удаа дараа явуулах асуудлууд гарч байгааг нуухгүй. Угтаа төрийн байгууллагад шилдгийн шилдэг хүмүүс л ажиллах ёстой юм. Ийм шаардлагыг л монгол төр хаа хаанаа анхаарч, шаардлагаа өндөрсгөж, өндөр зэргийн стандарттай болох хэрэгцээ, шаардлага байна гэж харж байгаа.
Ер нь бол ЕБС-ийн багш нараас авсан шалгалтын хувьд хэн нэгний мууг үзэх гэсэн огт байхгүй. Сүүлийн 10 орчим жилийн хугацаанд Баянхонгор аймаг төдийгүй Монгол Улсын боловсролын салбар маш их донсолгоотой байлаа шүү дээ. Яг ямар байдлаар энэ салбарын хөгжүүлэх гээд байгаа нь тодорхойгүй, бодлого байхгүй энэ хүрч. Нэг хэсэг Кембрижийн хөтөлбөр гээд л, дараагийн Засгийн газар нь өмнөхөө үгүйсгээд Цөм хөтөлбөр л хэрэгжүүлнэ хүүхдийн авьяас чадварыг нээж хөгжүүлнэ гэх байдлаар төрийн байгууллага өөрөө тогтвортой бус бодлого хэрэгжүүлж байсан нь ч ийм байдалд хүргэсэн байх талтай. Үүнтэй холбоотойгоор багш нар ч өөрсдөө яг яаж ажиллах ёстой юм бэ гэдгээ мэдэхгүйгээс болоод цалгардсан. Энэ байдалд дүгнэлт хийх гэж багш нараасаа Засаг даргын нэрэмжит шалгалтыг авсан. Дүнгийн хувьд хангалттай байж чадаагүй. Шалгалтын дараа зарим багш нарын зүгээс бидний мууг үзлээ, халаа сэлгээ хийх зорилготой ажил боллоо зэрэг зүйлсийг хэлж байсан. Сайн багшаас сайн шавь төрөх учир багш өөрөө зааж буй хичээлээ төгс мэддэг байх шаардлагатай биз дээ. Улс орны ирээдүй болсон хүүхдүүдийн хэрхэн, юуг зааж сургаж байгаа вэ гэдэг бол маш том асуудал. Цөм хөтөлбөрийг хэрэгжих хугацаанд хүүхдийг, багшийг үнэлэхээ байчихсан байсан. Тухайн хүүхэд мэдлэг боловсрол хэр эзэмшиж байгааг, тухайн багшийг хичээлээ хэр зааж байгааг хэн ч үнэлээгүй. Бидний хувьд түвшинг нь тогтооё гэж л зорьсон. Удахгүй хоёрдахь шатны шалгалтыг нийт багш нараас дахин авна. Мөн сурагчдаас ч шалгалт авна. Тэгснээр нь сурагчид нь, сурган хүмүүжүүлэгчид нь хэр байгааг дахин харьцуулж харна. Үндсэндээ хоёр удаагийн шалгалтад F үнэлгээ авсан багшийг дараагийн хичээлийн шинэ жилээс өмнө буюу наймдугаар сард шалгалтад оруулна. Тэр шалгалтад F үнэлгээнээсээ дээшлээд, ахиц дэвшил гаргасан байвал нь тодорхой хугацаанд ажиллах боломж олгоно, дахин муу үнэлгээ авбал нь тухайн багшийн багшлах эрхийг цуцлахаас өөр арга байхгүй гэж үзнэ. Ингэж багш нараа шигших, нөгөө талдаа нийт сурган хүмүүжүүлэгчдийг мэдлэг боловсролоо дээшлүүлж, өөрөө өөртөө тавих шаардлагаа өндөрсгөх хэрэгтэйг сануулж байгаа юм. Мөн аймгийн Боловсрол соёлын газар, сургуулийн удирдлагууд багш нараа чадваржуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг харууллаа. Энэ мэт асуудлыг бодлогын хүрээнд тавиад ажиллаж байна.
-Багш нарт тухайн шалгалтад бэлдэх боломж олгож байгаа юу? Цаг хугацаа болоод мэргэжил дээшлүүлэх тал дээр.
-Багш гэдэг мэргэжил өөрөө хүүхдүүдэд хичээл зааж байх явцдаа мэдлэгээ бататгаж, нэмэгдүүлж байдаг онцлогтой. Би энэ хичээлийг ямар байдлаар заах юм бол энэ хүүхдэд илүү өгөөжтэй байх вэ, ийм байдлаар заахаар шавь нарын маань хэдэн хувь нь ойлгож байна, хэрхэн илүү өгөөжтэй байдлаар хүргэх вэ гэх талаар шинэ зүйл сэдэж, сэтгэлтэй ажилламаар байгаа юм. Заасан хичээлийг нь хүүхдүүдийн тал нь ойлгож байвал муу л байна гэсэн үг шүү дээ. Тэрнээс хичээлийнх нь хажуугаар зааж байгаа хичээлээр чинь сургалт хийгээдхэе гээд яваад байвал инээдтэй хэрэг. Гэхдээ ихэнх сургуулийн захирлууд багш нарынхаа чөлөө цагийг ашиглаад чадавхжуулах, хооронд нь баг болгож захирлын нэрэмжит шалгалт авах, бэлдүүлэх үйл ажиллагаанууд явж байгаа. Дараагийн шалгалтын үр дүн анхныхаасаа хавь илүү байгаасай хэмээн найдаж, харж байна.
-Та аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тасралтгүй 5 удаа сонгогдон ажиллаж буй хүн. Энэ хугацаанд төрийн хариуцлагатай ажил албан тушаалыг хашиж ирсэн байдаг. Таны удирдах арга барилын онцлог нь юу байдаг вэ?
-Би аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2000 оноос хойш сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр 12 жил ажиллаж байсан юм байна. Аймгийн ИТХ-ын даргаар ч ажиллаж байлаа. Энэ бүх дадлага туршлага маань өнөөдөр орон нутгийнхаа гүйцэтгэх удирдлагын хэмжээнд ямар асуудалд ямар бодлогыг барьж ажиллах вэ гэдэг тал дээр надад маш том суурь болж өгч байгаа. Ингээд бодоход би өөрөө захиран тушаах маягтай ч юм уу, асуудлыг ганцаарчилж шийдэж байгаагүй юм байна. Доор ажиллаж байгаа хүмүүстээ өөрсдийн хүрээнд асуудлыг шийдэх эрх мэдлийг олгодог. Нээлттэйгээр, олон талаас харж, багийн түвшинд асуудлыг ярьж шийдэх зарчим баримталж ирлээ. Энэ хэмжээгээрээ биднээс гарч байгаа бодлогын шийдвэр болгон зөв чиглэл рүү явж байна даа гэж хардаг.
-Ингэхэд та боловсон хүчний бодлогод ямар байр суурьтай хандав? Ирэх жилүүдэд баг болж ажиллах хүмүүстээ хэр сэтгэл хангалуун байна вэ?
-Аймгийн Засаг даргын тамгын газар, бусад хэлтэс агентлагуудын удирдах албан тушаалтны 80 орчим хувь нь шинэ хүмүүс томилогдсон. Өмнө нь ямар нэгэн хариуцлагатай албан тушаал дээр ажиллах байгаагүй, 40-өөс доош насны шинэ залуу хүмүүс ч байгаа. Залуучуудыг аймаг орон нутаг, ард иргэдийнхээ төлөө цаашид зүтгэх санаа эрмэлзэлтэй ид насан дээр нь дэмжээд өгөх бодлого бас байлаа. Энэ дотроо нэлээд чухал албан тушаалуудад өмнө нь сумын Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай хүмүүсийг томилж ажиллуулж байна. Асуудлыг олон талаас харж шийддэг байх, багаар ажиллах зарчимд маань бусад маань ч богино хугацаанд дадаж байгаа. Ганц нэг зүйлүүдэд арай болоогүй тал байгааг үгүйсгэхгүй, гэхдээ ойрын хугацаанд бүрэн дадлагажиж төгс гүйцэтгэл бүхий баг болж чадна гэж найдаж байгаа.
Удирдах түвшний багийн үйл ажиллагаа эргээд аймаг орон нутгийн иргэдийн амьдрал ахуйтай хамааралтай, цаашлаад дараа дараагийн сонгуулийн үр дүнд нөлөөлдөг учир намын оролцоог ч энэ асуудалд хандуулсан. Өөрөөр хэлбэл, тухайн албан тушаал дээр ямар хүн шаардлага хангаж байгааг аймгийн намын хорооныхоо тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, өрсөлдүүлсний үндсэн дээр томилж байгаа. Энэ нь намын байгууллагыг төрийн үйл хэрэгт оролцуулж байгаа хэрэг огтхон ч биш. Эргээд тухайн томилсон албан тушаалтан хувийн эрх ашгийг дээгүүрт тавьж, ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэх юм бол Засаг дарга толгойг нь илээд суухгүйгээс гадна санал өгч томилсон намын байгууллага нь тухайн хүнийг эргүүлэн татах эрхтэй болчихож байгаа юм. Тэгэхээр тухайн албан тушаал дээр тавигдсан шаардлага, хяналт асар өндөр болоод ирж байна аа даа. Өөрөөр хэлбэл намын гишүүд хүртэл намын хорооныхоо тэргүүлэгчдэд хандаад энэ хүн ийм үйл ажиллагаа явуулаад байгаа нь өнөөдөр намын нэр хүндийг олон түмний өмнө унагаж байна, тиймээс энэ хүнийгээ алдааг нь засуул, эсвэл буцааж тат гэж хандах нь нээлттэй бөгөөд энэ асуудалд олон түмний оролцоог ч нээж өгч байгаагаараа онцлог. Тухайн албан тушаалыг хашигчид ямар нэгэн дархлагдсан зүйл байхгүй шүү гэдгийг өөрсдөд нь хатуу анхааруулж, шаардлага өндөр тавьснаар ажил хэрэг ч урагштай явах боломж бүрдэж байгаа юм.
-Аймгийн хэмжээнд аялал жуулчлалын хөгжүүлэх тал дээр ямар бодлого барих вэ?
-Бид тооцоо хийж үзсэн. Нэг жуулчин шаардлага хангасан жуулчны баазаар үйлчлүүлээд явахдаа хамгийн багадаа 100 ам.доллар үлдээж байгаа юм. Тэгэхээр Баянхонгор аймаг 10 мянган жуулчин авах юм бол өдөрт нэг сая төгрөгийн орлоготой байх боломжтой. Утаагүй үйлдвэрлэл, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал бол Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан томоохон салбар. Энэ хүрээндээ орон нутгийн төсвөөсөө холбогдох зардлыг гаргаад Гадаад харилцаа аялал жуучлалын албыг байгууллаа. Өмнө нь аялал жуулчлалын бодлого яамны дайвар байдлаар хэрэгждэг байлаа. Жишээ нь Баянхонгор аймгийн түвшинд аялал жуулчлалыг ганцхан мэргэжилтэн л хариуцаж ирсэн байдаг. Баг байхгүйн улмаас хүчин мөхөсдөх, үйл ажиллагааг бүрэн төгс хэрэгжүүлэх нөхцөл бүрдэхгүй өнөөг хүрсэн байна. Тиймээс бид тус албыг зоригтой байгуулсан. Бид бүрэн эрхийнхээ хугацаанд Баянхонгор аймагт ирэх жуулчдын тоог 10 мянгад хүргэх зорилт тавьсан.
Энэ жил бааз сууриа бэлдэж, ирэх жилээс жуулчдаа хүлээгээд авъя аа гээд ажиллаж байгаа. Баянхонгор аймагт аялал жуулчлал ихээр хөгжсөн газруудад байдаг, жуулчдын сонирхлыг татсан олон газар бий. Тэр дундаа бидний бахархал болсон хүн үүслийн өлгий нутаг болох Цагаан агуй, дэлхийд хосгүй Шаргалжуутын халуун рашааныг нэрлэж болно. Шаргалжуутын рашаан сувилалд санал гаргаж байгаа байгууллагад газрын асуудлыг шийдэх, тэнд хүрэх замын асуудлыг концессийн гэрээгээр шийдэх саналууд бий. Тэнд олон улсын өндөр зэрэглэлийн 5 одтой зочид буудал барья, жуулчдынхаа тоог нэмье гэсэн бодлого явж байна. Говь-Алтай болон Баянхонгор аймагт л байдаг, дэлхийд ховордсон Мазаалай баавгайн асуудлыг яаж олны анхаарлыг хандуулах вэ, хэрхэн өсгөн үржүүлэх вэ, ямар байдлаар сурталчлах вэ гэх асуудал байна. Өнөөгийн байдалд тус амьтныг байгальд үзэх боломж хомс. Тэгвэл яагаад бид хоёрыг зэрэг мазаалайг нь бариад гадаадын амьтны хүрээлэнд байдаг шигээр жижиг биш томоохон, цогц орчинд говийн гайхамшиг 6 буюу хулан, тахь, хавтгай, хар сүүлт зэргийг байгалийн хүрээлэн байгуулаад, жуулчдыг татах, Шинэжинст сумын тухайд Баянлиг сумаар дайрч, ирээдүйд бий болон Цэхээ боомт, Гурвантэс, Баянлиг, Баянхонгор чиглэлийн автозамаас 100 орчим км-ийн зайд оршдог Эхийн голыг түшиглэсэн байгалийн аялалын хүрээлэн барья гэсэн ерөнхий төсөөллийг гаргаад судалж байна. Энэ бол мазаалайгаар дамжуулж мөнгө олох гэж байгаа асуудал биш. Хүрээлэнгийн хоёр мазаалайгаар дамжуулж, үлдсэн цөөхөн мазаалайгаа аврах, өсгөх ажлыг зохион байгуулах юм. Энэ бол Баянхонгор аймгийн аялал жуулчлалын үндсэн бодлого байх юм. Туг нь мазаалай болон Шаргалжуут байна. Энэ брэндийнхээ хүрээнд орон нутгийн иргэдийгээ түшиглэсэн Эвент арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Энэ жил Баянлиг сум 19.800 тэмээ тоолуулсан, хаврын төлөө нэмэх юм бол 20 мянга гаруй тэмээтэй болох нь. Тэгэхээр Хорин түмэн тэмээний наадам хийх гэж байна. Тэр том хоолойд олон тэмээгээ цуглуулчихаад тэмээг хэрхэн уналга ачлаганд хэрэглэдэг, хэрхэн ашигладаг, идээ ундааг нь хэрхэн бэлтгэдэг зэрэг уламжлалт ахуй соёлоо сурталчилах замаар Монгол Улсын аялал жуулчлалын төлөвлөгөөнд туссан ажилтай уялдуулан Эвентүүдийг зохиох юм. Баянхонгорт ирснээр та дэлхийн гайхамшигтай танилцана, говийн үзэсгэлэнт байгаль, бичиг хадны зургууд, Цагаан агуй, түмэн сүргийн наадмыг үзэж сонирхдог, говийн гайхамшигт 6 амьтаны эко хүрээлэнтэй танилцах аялал жуулчлалын бүс болгох бодлогууд явна. Алсдаа Баянлиг сумд Нисэх онгоцны буудал байгуулах төлөвлөгөө ч байгаа. Энэ бол манай аймгийн хөгжлийн дунд хугацааны стратеги бодлого төлөвлөлтөд суучихсан явж байгаа юм.
-Шаргалжуут рашаан сувиллыг түшиглэж үйл ажиллагаа явуулна гэхээр тухайн газар ажиллаж байгаа сувиллын бизнест ямар нэг нөлөө үзүүлэх байх л даа?
-Шаргалжуут рашаан сувиллыг аймаг орон нутаг, Монгол улсын Засгийн газар, Төрийн өмчийнхөө шийдвэрээр хувьчилсан байдаг. Хувьчлахдаа Шаргалжуут рашаан сувиллын ашиглаж эзэмшиж байсан байшин, хашаа зэрэг эд хөрөнгийг л хувьчилсан. Тэрнээс биш рашаанаа хувьчилчихсан асуудал биш л дээ. Мэдээж тус рашаан сувилал өөрт олгогдсон эрхийнхээ хэмжээнд үйл ажиллагаа явуулна, хэн ч саад болохгүй. Манай хөтөлбөр хэрэгжсэнээр тус сувиллын үйл ажиллагаанд ямар ч өөрчлөлт гарахгүй, зах зээлийн жамаараа л явна. Бидний зүгээс тэдний эзэмшилд олгоогүй бусад газруудаа олгох замаар олон улсын стандартад нийцсэн 5 одтой зочид буудлыг гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах юм. Тэгэхээр аль ч сувилалд ирсэн үйлчлүүлэгч эрх тэгш л үйлчлүүлнэ гэсэн үг. Энэ нь бусдын бизнесийг хааж буй хэрэг биш бөгөөд харин ч өрсөлдөөн бий болгосноор иргэд л хожно.
Б.Мөнхзул