Сирийн байлдааны нисэх онгоцнуудын 20 хувийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-11 13:41:08

ВАШИНГТОН./CentralNewsAsia/. Сирийн агаарын цэргийн хүчний баазад АНУ пуужингаар цохилт өгснөөр Асадын дэглэмийн  байлдааны нисэх онгоцнуудын тавны нэг хувийг устгасан тухай Пентагоны тэргүүн Жим Маттис мэдэгдлээ.

АНУ өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Сирийн “Шайрат” агаарын цэргийн хүчний баазад 59 “Tomahawk” пуужингаар цохилт өгсөн билээ. Сирийн Ерөнхийлөгч Асадын армийн сөнөөгч онгоцууд босогчдын хяналтад байдаг Идлиб мужид химийн зэвсэг ашиглан дайралт хийхдээ тус баазыг ашигласан гэж Пентагон үзэж байгаа юм.

Олон улсын хуулиар хориглосон химийн зэвсгээр Асад гэм зэмгүй хүмүүсийг хөнөөж байгааг АНУ зүгээр хараад сууж чадахгүй гэж Ж.Маттис хэлээд “Асадын нисэх онгоцнуудын 20 хувийг пуужингаар цохилт өгөн устгасан” гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Сирийн засгийн газар дахин химийн зэвсэг хэрэглэхийг АНУ тэвчихгүй” гэcэн байна.

“Хорт” Асад

“Их-7” бүлгийн гишүүн улсуудын Гадаад хэргийн сайд нарын хоёр өдрийн уулзалт өчигдөр Италийн Тоскана мужийн Лукка хотод эхэлжээ. Уг уулзалтын нээлтийн үеэр Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон Сирийн Ерөнхийлөгч Асадыг “хорт Асад” гэж тодорхойлоод “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувьд дарангуйлагчийг дэмжсээр ирсэн гэдэг үнэнтэй нүүр тулах цаг ирсэн байна” гэжээ.

Уг уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон болон Канад, Франц, Герман, Итали ба Япон улсын Гадаад хэргийн сайд нар оролцож байгаа юм.

Уулзалтын үеэр Ливи, Иран болон Украины асуудлыг хэлэлцэхээр анх төлөвлөж байсан аж.

Гэтэл өнгөрсөн долоо хоногт Сирид наад зах нь 87 хүний аминд хүрсэн химийн дайралт болсон нь одоо уулзалтын үеэр авч хэлэлцэж буй гол сэдэв болоод байна.

Химийн дайралтын хариуд Вашингтон анх удаагаа Асадын дэглэмийн эсрэг шууд цохилт өгсөн юм. Асадын дэглэмийг Орос болон Иран дэмжсээр байгаа билээ.

Сирийн иргэний дайныг дуусгах зорилгоор НҮБ зуучлан хэд хэдэн удаа энхийн хэлэлцээ хийсэн боловч амжилт олоогүй юм. 2011 оны гуравдугаар сард Сирид иргэний дайн эхэлснээс хойш 320 мянга гаруй хүн амиа алджээ. 
 

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ