Аймгийн удидлагууд хүнсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга аймгийн Хүнсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ХОХБТ-ийн хэлтсийн дарга Д.Ихбаяр, Баянхонгор Хөгжлийн Корпарацийн захирал Д.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Сүлдэн Тэнгэр, Ар Үр талх нарийн боовны үйлдвэр, Жаргант хүнс хиаман цех, Жигүүр Богд ХХК-ний цэвэр ус, чацаргана жимсний WELL үйлдвэр, Бялуу, түргэн хоол үйлдвэрлэлийн Ууган бэйкери, Начин бэйкери, Баянхан Хишиг дундын хоршооны ХАМТ нэрийн бүтээгдэхүүн, хэрчсэн гурилын Тост , Ээжийн Бууз, Билэг бууз зэрэг үйлдвэрүүдийн арга ажиллагаа, технологи, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцав.
2001 онд байгуулагдаж байсан "Торлон" хүнсний үйлдвэр одоогоор 30 гаруй нэр төрлийн гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаанд гаргадаг ба олон үрийн талх, хар талх, зүсмэл зэрэг олон нэрийн бүтээгдэхүүнүүдийг нь Баянхонгор аймагт гэлтгүй Улаанбаатар хот, Солонгос улсаас захиалж авдаг байна. Олон үрийн хар талх хийх технологио илүү өргөжүүлэх үүднээс ОХУ-д тус үйлдвэрийнхэн мэргэжил дээшлүүлээд саяхан иржээ. "Жаргант Хүнс" хиаман цехийн тухайд жилд дунджаар 50 тонн махаар 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон цэвэр цэмцгэр орчинд хиам үйлдвэрлэл нь явагддаг бөгөөд тус үйлдвэрийн захирал З.Шарав ойрын хугацаанд 250 сая төгрөгийн өртөг бүхий мах амталгааны үйлдвэр оруулж ирэхээр зэхээд байгаа аж.
WELL хүнсний үйлдвэрийн чацаргана жимсний 4 төрлийн ундаа шүүсийг ХХАА-н сайд амталж сайшаагаад албан болон амины хэрэгцээндээ авч байхаар тогтсон ба тус үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг нутгийн хөрсөн дээр ургуулсан сайн чанарын чацаргана жимсийг шууд шахаж савлаж экологийн цэвэр бүтээгдэхүүнээр нь худалдаанд гаргадгаараа давуу талтай. Харин Начин бэйкери өөрийн нэрийн Брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьсан зэрэг үйлдвэр болгон олон том зорилтыг тавьжээ.
Үе үеийн аймгийн удирдлагуудаас өөрсдийнх нь үйл ажиллагаатай биечилж танилцаж байсан удаагүй гэдгийг үйлдвэрлэгчид илэрхийлээд, орон нутгийн зах зээлээ хамгаалах бодлогыг баримталж үйлдвэрлэгчидээ бүх талаар дэмжихийг хүсч буйгаа хэлж байсан. Засаг дарга хэлэхдээ, "Баянхонгорчууд үйлдвэрлэж чадаж байна. Илүүг ч үйлдвэрлэх бололцоо байгааг харлаа. Чадаж байгаа хийж болох бүхнийг чинь дэмжих болно. Гол нь судалгаа тооцоолол, үндэслэлээ сайн гаргаж бүтээгдэхүүний чанар болоод амт үзэмж дээр гойд анхаараарай" хэмээн онцолж байв.
Б.Мөнхзул