Хоолны хордлого гарсан суманд мэргэжлийн баг ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн дотуур байранд амьдардаг нэг гэр бүлийн 3 хүүхдэд хоолны хордлого халдварын шинж тэмдэг илэрч, цустай суулгах, таталт өгөх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, энэ сарын 11-нд эмнэлэгт ханджээ.
Найман настай хүүхдийн биеийн байдал маш хүнд байсны улмаас эмнэлгийн тусламж авсан хэдий ч нас барсан бол хоёр хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Одоогийн байдлаар тус суманд ЭМЯ, ХӨСҮТ, Төв аймгийн ЭМГ-аас мэргэжлийн баг газар дээр нь ажиллан, сургуулийн дотуур байрны хүүхэд, ажиллагсдад тандалт судалгаа хийж, лабораторийн шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Мөн шинж тэмдэг илэрсэн 10 гаруй хүүхдийг илрүүлж, биеийн байдлыг ажиглан, 3 хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.
Иймээс дулааны улирал ирж байгаатай холбоотой хоолны хордлогот халдвараас сэргийлэх, аюулгүй хоол хүнсний зөвлөмжийг тус яамнаас хүргэж байна.