Химийн зэвсэг хэрэглэснийг буруушаасан тогтоолын төсөлд ОХУ хориг тавив
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК. /Anadolu/. Сирид химийн зэвсэг хэрэглэн дайралт хийснийг зэмлэн буруушаасан агуулга бүхий НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын төсөлд ОХУ хориг тавилаа.
Энэ сарын 4-нд Сирийн баруун хойд нутагт химийн дайралт хийж, олон арван хүний аминд хүрсэнтэй холбогдуулан Аюулгүйн Зөвлөл лхагва гарагт хуралдан ямар хариу арга хэмжээ авахыг хэлэлцжээ.
Химийн зэвсэг хэрэглэснийг зэмлэн буруушаасан тогтоолын төслийг уг хуралдааныг даргалсан АНУ Их Британи болон Францын хамт өргөн барьсан байна. Химийн довтолгоотой холбоотой хэргийг мөрдөн шалгахад Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын засаг захиргаа хамтран ажиллах ёстой гэж тогтоолын төсөлд тусгажээ.
Оросын хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулгарснаар тогтоолын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсан аж.
Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүний 10 нь тогтоолын төслийг батлахыг дэмжсэн бол гурван улс, тэдгээрийн дотор БНХАУ санал өгөхөөс түдгэлзэж, ОХУ хориг тавьжээ.
Их Британиас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Мэтью Рикрофт Москваг шүүмжилж “ОХУ Асадыг дэмжин найм дахь удаагаа хориг тавилаа. Маш хортой, мэдрэлд нөлөөлдөг зарины хий хэрэглэсэн болохыг химийн дайралтад өртсөн газраас авсан дээж баталж байна” гэв.
Харин химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг тогтоохын тулд тусгайлан мөрдөн шалгалт явуулахыг ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Владимир Сафронков уриалаад “ОХУ болон Сирийг доромжлохоо Их Британи зогсоох хэрэгтэй” гэлээ.
Г.Доржханд
.