Хилийн тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-23 13:42:08

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин энэхүү хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж буйг буруушааж байв. Тэрбээр хэдхэн сарын өмнө УИХ-аар баталсан хуулиа өөрчилж  байгааг эсэргүүцэж байна гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, “УИХ-ын гишүүн О.Баасанхүү хоёр хүний цогцос хилээр нэвтрүүлсэн явдал гарсан гэлээ. Энэ асуудал чинь гаалийн хяналттай холбоотой. Дэлхийн гаалийн жишигт хууль бус барааг оруулж ирэхгүй байх үүргийг гаалийн байгууллага хүлээдэг. Гэтэл өнөөдөр манайхан гааль гэдгийг татвар хураадаг байгууллага гэж ойлгож ирсэн. Гаалийн байгууллагад дэмжлэг үзүүлэх байгууллага нь хилийнхэн. Гэтэл энэ хоёр байгууллагын чиг үүрийг хольж солиод байна”  гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, “Манай Засгийн газрын үед энэ асуудлыг цогц байдлаар ярьж, Боомтын тухай хууль гэдгийг тусад нь гаргасан. Өмнө ярьснаа бужигнуулаад байгааг ойлгохгүй байна. Энэ хуулийн олон заалтыг дэмжиж байна. Сайн зүйлийг нь далимдуулаад хилийн цэргийн асуудлыг оруулж ирсэн байна. Тиймээс өнөөдөр шуурч хэлэлцэхгүй байх нь дээр” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Хилийн шалган нэвтрүүлэхийг хилийн байгууллагад нь буцаагаад өгөх асуудлыг ярьж байна. Шалган нэвтрүүлэхийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт өгсөн нь буруу байсан. Монголын хуулийн бүтэц, зохион байгуулалт Монголдоо таарсан байх ёстой шүү” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, “Миний олж авсан тоо үнэн бол 500 хүн ширээ сандлаа чирээд нүүдэл хийх болох нь. Богино хугацаанд ийм нүүдэл хийх шаардлага байна уу. Хил хамгаалалтын чанар муудсан гэдэг юу гэсэн үг вэ. Тэдгээр хүмүүс чинь тэнд очоод ажлаа хийхээ байсан хэрэг үү. Нэгэнт жил хагасын хугацаанд хилийн шалганыхан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт ажиллажээ. Одоогийн байгаагаар нь үлдээвэл яасан юм бэ. Би энэ хуулийг дэмжихгүй” гэв. Гишүүд асуулт асууж, үгээ хэлсний дараа санал хураалт явуулахад олонх хуулийн төслийг  дэмжлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ