Сайншандын бетонон гүүрт бага зэрэг эвдрэл гэмтэл гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт байх мянганы замын босоо тэнхлэг дагуух авто замын сүлжээний нэгээхэн хэсэг Сайншандын бетонон гүүр 2011 онд ашиглалтад оржээ.
Харин тус бетонон гүүрийн зарим хэсэг нь эвдэрсэн тухай мэдээллийн дагуу “Дорноговь АЗЗА” компанийн инженер н.Эрдэнэбаатараас тодрууллаа. Авто замын инженерийн харилуснаар бетонон гүүр болон авто зам хоёрыг холбож байдаг дамжих хавтангийн хучилт нь эвдэрсэн байдалтай байна.
Хууль дүрмийн дагуу 40 тонноос илүүгүй ачаатай тээврийн хэрэгсэл уг гүүрээр зорчих ёстой ч том оврын авто машинууд даац хэтрүүлэн олонтаа зорчсоноос үүдэж эвдрэл, гэмтэл гарсан аж. Гүүрийг ашиглалтад хүлээн авснаас хойш 20 гаруй жилийн хугацаанд ашиглах боломжтой гэж үздэг байна.
Энэ долоо хоногт ЗТЯ болон улсын Мэргэжлийн хяналтын байцаагчдын бүрэлдэхүүнтэй баг зүүн аймгуудад ажиллах үеэрээ Дорноговьд ирж гүүрний нөхцөл байдалтай танилцаж, тодорхой дүгнэлт гаргах гэнэ.
Дашрамд дурдахад Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийн дагуу мянганы замын босоо тэнхлэгийн дагуух Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай авто замаар даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах, хууль зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцох үүрэг бүхий Ажлын хэсэг 24 цагаар Сайншандын орчимд ажиллаж байна.
Х.Эрдэнэбулган