Хүүхдийн сангийнхан Баянхонгорт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч Хүүхдэд ээлтэй аймаг болох 5 жилийн хугацаатай хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болсон талаар бид мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр хөтөлбөрийн эхлэл ажил болгож НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөллүүд Баянхонгор аймагт ажиллалаа.
Хүүхдийн сангийн ажлын хэсэгт боловсрол, хүүхэд хамгаалал, орон нутгийн хөгжил, усан хангамж, ариун цэвэр, хоол тэжээл, санхүүгийн мэргэжилтнүүд багтжээ. Мэргэжилтнүүд өөрийн салбар бүрийн үйл ажиллагаатай нарийн танилцаж, салбарын удирдлага, мэргэжилтэн, иргэдтэй уулзалт хийсэн байна. Хүүхдийн сангийнхан ийнхүү ажиллаж, Баянхонгор аймгийн хүүхдүүдийн аж байдлыг үнэлэн, улмаар анхаарч ажиллах салбаруудаа тодорхойлох аж.
НҮБ-ын хүүхдийн сан, Баянхонгор аймаг гэсэн талууд хамтран ажиллах хүрээ, нөхцөл, санхүү болон хөтөлбөрийн чиглэлүүдээ тохиролцсоны үндсэн дээр НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын Засгийн газраар дамжуулан Баянхонгор аймагт дээрх хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаануудаа зохион байгуулж ажиллах юм байна.
Б.Мөнхзул