Пауэрлэнтингийн дэлхийн аваргаас Өмнөговийн тамирчин хүрэл медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-23 17:16:16

Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул, Дэлхийн аварга, Азийн хошой аварга Мөнхөөгийн Анхбаатар АНУ-ын Колорадо мужийн Дэнвэр хотноо болсон Пауэрлэнтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медальтай ирлээ.

Тус тэмцээнд дэлхийн 20 гаруй орны 300 гаруй тамирчид оролцсон бөгөөд хүчний 3 төрөлтөөр өрсөлдсөн байна. Бодибилдингийн анхны спортын мастер М.Анхбаатар энэхүү тэмцээнээс хэвтээ шахалтын төрлөөс мөнгө, спорт шахалтаар хүрэл, нийлбэр дүнгээрээ хүрэл медалийг хүртэн эх орондоо ирсэн байна. Тэрээр мөнгө санхүүгийн боломж олдвол ирэх оны 4 сард мөн энэ улсад болох  хэвтээ шахалтын төрөлд өрсөлдөх бодолтой байгаагаа ярьсан юм.

М.Анхбаатар аваргын хувьд өөрөө хөгжөөд зогсохгүй нутаг орондоо энэ спортыг хөгжүүлж, хүүхэд залуусыг спортод ээлтэй болгох, улмаар тэдний бие бялдар эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж, төрсөн нутагтаа “Power Gym” клубыг нээн ажиллуулан эдүгээ давхардсан тоогоор 1500 гаруй хүүхэд залуус идэвхтэй хичээллэж байна. Түүний гол зорилго нь орон нутгаас ирээдүйн дэлхийн аваргуудыг төрүүлэх, чийрэг эрүүл бие бялдартай, зөв хүн болж төлөвшүүлэхэд спортоор хичээллэхийн тусыг ойлгуулах явдал аж.

    Өмнөговь  аймаг  С.Сумьяа 

Холбоотой мэдээ