АНУ: Жагсаалд оролцогчид шинжлэх ухааны санхүүжилтыг хорогдуулахгүй байхыг шаардлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-04-23 12:22:31

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын 600 хотод эрдэм шинжилгээ судалгааны санхүүжилтыг хорогдуулахыг эсэргүүцсэн акц боллоо
Вашингтонд “Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан олныг хамарсан жагсаал болж түүнд мянга мянган эрдэмтэд, оюутнууд, экологи, хүний эрх хамгаалах байгууллагын идэвхтэнүүд оролцов. АНУ-д нийтдээ 600 хотод цуглаан жагсаал болсноос хамгийн их олон хүнийг хамарсан марш жагсаал Нью-Йорк, Лос-Анжелес, Бостон, Чикаго-д боллоо.
“Бид уур амьсгалын өөрчлөлт, ус, хоол хүнсний цэвэр байдал зэрэг өнөөгийн асуудлуудад санаа зовж байгаа гэдгээ Цагаан ордонд ойлгуулан харуулах нь чухал байна. Гэтэл энэ Засаг захиргааныханд эдийн засгийн өсөлт, шинэ технологийн асуудал огтхон ч хамаагүй байна. Тэд зөвхөн томоохон корпорацуудын ашиг сонирхлыг бодоод байна” хэмээн Виржинийн Жорж Мейсоны их сургуулийн аспирант Крис Тейлор ярьж байна.
Хэдийгээр гадаа өглөөнөөс хойш бороо орж байгаа ч Вашингтоны төвд орших Үндэсний цэцэрлэгт гудманд 15 мянга гаруй хүн цугларчээ.
“АНУ-ын шинэ Засаг захиргаа биднийг энэ жагсаалд гарахад хүргэлээ гэж хэлж болно” гэж “Шинжлэх ухааныг дэмжих марш”-ын үндэсний хорооны дэд дарга Лидия Вилла-Комарофф үзэж байна.
Цагаан ордон уур амьсгалын өөрчлөлтийн эрдэм шинжилгээний хөтөлбөрүүд, төслийн санхүүжилтыг хорогдуулахаар төлөвлөж байгаа нь уг жагсаалд оролцогчдын дургүйцлыг төрүүлжээ. Ерөнхийлөгч Д.Трампын 3 дугаар сард санал болгосон төсвийн төслөөр байгаль орчныг хамгаалах агентлаг, Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, Эрчим хүчний яам, Далай тэнгис, агаар мандал судлалын үндэсний захиргаа, дэлхийн гадаргууг судлах NASA-гийн хөтөлбөр хамгийн их хохирол амсахаар байгаа юм.
Тухайлбал, Эрүүлийг хамгаалах яам төсвийнхөө 16,2 хувийг буюу 12,6 тэрбум доллароо алдах бол Байгаль орчныг хамгаалах агентлаг 2,6 тэрбумыг алдахын зэрэгцээгээр 3200 ажилтнаа ажлаас халахаас аргагүй болох аж.
Эдгээр агентлагуудын санхүүжилтыг нийт 54 тэрбум доллароор хасах ёстой ба хэмнэсэн мөнгийг Засаг захиргааныхан тус улсын цэргийн төсвийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм. “Энэхүү хүч түрсэн арга хэмжээ нь эрдэм шинжилгээ судалгааны ажилд нөхөж баршгүй хохирол учруулаад зогсохгүй биднийг ирээдүйгүй болгож байгаа юм. Хэрвээ санхүүжилтгүй болчих юм бол залуу үеийнхэн зүгээр л суурь шинжлэх ухааныг судлахаа болчихно шүү дээ” хэмээн Лидия Вилла-Комарофф ярьжээ.
Цагаан ордон одоогийн байдлаар олныг хамарсан марш жагсаалын  талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Гэхдээ бямба гарагт Дональд Трамп түүний Засаг захиргаа экологийн асуудлуудад ихээхэн санаа зовж байгаа тухайгаа тусгай мэдэгдэлдээ дурджээ.
“Миний засаг захиргаа Америкийн ажилчид, Америкийн компанийн хэрэггүй илүүдэл ачааллыг бууруулж байгаа, гэхдээ үүний зэрэгцээгээр бидний үйлдэл байгаль орчныг хамгаалдаг байхад анхаарч байгаа. Жинхэнэ шинжлэх ухаан бол миний Засаг захиргааны эдийн засгийн өсөлтийг хангах, байгаль орчноо хамгаалах хоёр зорилтыг хангах ажлын чухал бүрэлдэхүүн хэсэг юм” хэмээн уг мэдэгдэлд дурджээ.
АНУ-ын Вашингтон болон бусад хотуудад марш жагсаал оролцогсдын тоо одоогийн байдлаар тодорхойгүй байгаа ч уг арга хэмжээг зохион байгуулагчдын Facebook дэх албан ёсны хуудсанд 527 мянган хүн оролцсон, твиттерт жагсаалын мэдээллийг 350 мянган хүн авсан гэсэн мэдээллээр баримжаа авч болохоор байгаа юм.
О.Барс
Холбоотой мэдээ