Орхон аймагт Сонгуулийн хороо байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-24 13:12:59
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Тус хороог АЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү ахалж, нарийн бичгээр нь “Эрдэнэт” цогцолбор сургуулийн захирал Д.Энхтуяа томилогджээ.
Аймгийн Сонгуулийн хороо байгуулагдсан цагаасаа хойш хоёр удаагийн хуралдаан зохион байгууллаа. Дээрх хурлаар хуульд заасны дагуу Баян-Өндөр, Жаргалант сумын Сонгуулийн хороог байгуулсан байна. Тодруулбал, Жаргалант сумын Сонгуулийн хороон даргаар тус сумын ЗДТГ-ын дарга Ц.Даланбаатар, Баян-Өндөр сумын Сонгуулийн хороон даргаар ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий тус тус томилогдсон аж. Аймгийн Сонгуулийн хороо АЗДТГ-ын Иргэний танхимд байрлах бөгөөд даваагаас баасан гарагт 8-18 цагийн хооронд ажиллах юм.СЕХ-оос аймаг, нийслэлийн сонгуулийн 22 хороод байгуулсан бөгөөд бүх шатны сонгуулийн хороодод сонгуулийн талаарх хууль тогтоомжийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан 21 мянга гаруй төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажиллана.
Дашрамд дурдахад, Энэ оны 6-р сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болохтой холбогдуулан холбогдох хуулийн дагуу энэ сарын 27-оос шилжилт хөдөлгөөнийг 60 хоногийн хугацаанд зогсоох юм. 
Сонгуулийн тухай хуульд, Сонгуулийн төв байгууллага аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулахаар заасан байдаг. Үүний дагуу Сонгуулийн Ерөнхий хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулж, ажиллах бүрэлдэхүүнийг нь баталжээ. 
  Б.Оюун-Эрдэнэ
 
Холбоотой мэдээ