Индонез, Монгол хамтын ажиллагаагаа олон салбарт өргөжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-10-26 15:29:40

ЖАКАРТА. /ANTARANews/. Индонезийн Гадаад хэргийн дэд сайд А.М.Фэчир болон Монголын Гадаад хэргийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг нар өнгөрсөн лхагва гарагт болсон Индонез-Монголын хамтын ажиллагааны хамтарсан комиссын анхны хуралдааны үеэр хоёр талын хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэхээр тохиролцсон байна.

Хоёр дэд сайдын хамтран даргалсан Индонез, Монголын хамтын ажиллагааны хамтарсан комиссын анхны хуралдаан нь хоёр орны бүх боломж бололцоог нээж, хоёр талын харилцааг бэхжүүлэх гол механизмуудын нэг юм гэж Индонезийн Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ дурджээ.

Хоёр талын харилцаа, тэр дундаа, ардчиллын хөгжил дэвшил, хүний эрх, сайн засаглал, хууль ёсыг дээдлэх, батлан хамгаалах болон аюулгүй байдал, эдийн засаг болон худалдаа, хөдөө аж ахуй болон уул уурхай, нийгэм болон соёл зэрэг гол салбар, мөн бүс нутаг, дэлхийн хэмжээний форум дахь хамтын ажиллагааг уг хуралдааны үеэр хэлэлцжээ.

Анх 1956 оны 12 дугаар сарын 21-нд Индонез, Монгол дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүнээс хойш хоёр орны харилцаа өдийг хүртэл хөгжсөөр байна.

Монгол Улс нь Индонезийн хувьд ардчилал болон эдийн засгийн хүрээнд дэмжлэг үзүүлэх түнш орон юм.

Уг хуралдааны үеэр талууд бүх салбарт хэд хэдэн гэрээ байгуулжээ. Улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт талууд албаны хүмүүсийн харилцан айлчлалыг нэмэгдүүлж, терроризм, хүний наймаа, үндэстэн дамнасан гэмт хэргийг зогсоох хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцсон байна.

Харин худалдаа, эдийн засгийн салбарт худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр талууд тохиролцжээ. Хоёр талын худалдааны эргэлт өнгөрсөн гурван жилд эрс нэмэгдэж, 2012 онд 6.56 сая, 2013 онд 20.78 сая, 2014 онд 23.6 сая доллар хүрчээ.

Хөдөө аж ахуйн салбарт, мал эмнэлэг болон  хорио цээртэй салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг явуулж, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх, хөтөлбөр боловсруулах чадавхыг хөгжүүлэх хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр талууд тохиролцсон байна.

Үүний зэрэгцээ, нийгэм болон урлагийн чиглэлээр Индонезэд сурах тэтгэлгийг монгол залуучуудад олгох замаар иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэхээр тохиролцжээ.

Хоёр орны иргэд хоорондын харилцан ойлголцол, нөхөрсөг харилцааг дэмжих үндэс суурь нь залуучуудад боловсрол, мэргэжлийн чадвар олгох юм гэж үзэж байна.

Дараагийн хурал 2017 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болно.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ