“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-03 10:07:58
НЬЮ-ЙОРК. /НҮБ/. Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна.

Хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг нь улс орнуудын засгийн газруудад сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын дурсгалыг хүндэтгэх үүднээс НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгон тэмдэглэж байх тухай тусгай тогтоолыг 1993 оны 12 дугаар сарын 20-нд гаргаж байв. Ингээд 1994 оноос энэ өдрийг дэлхий дахин тэмдэглэж эхэлсэн юм.

Энэ онд “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг “Эгзэгтэй цаг үед эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь: Тайван, шударга, бүхнийг хамарсан нийгмийг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн оруулах үүрэг” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлнэ.

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “худал мэдээлэлтэй тэмцэж, сэтгүүлчдэд заналхийлж байгаа явдлыг зогсоох арга хэмжээ авах”-ыг дэлхийн удирдагчдад хандан уриаллаа.


Тэрбээр “чөлөөт хэвлэл нь энх тайван ба шударга нийгмийг бүтээнэ” гэж цохон тэмдэглэв.

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан “Хил хязгааргүй сэтгүүлчид” ТББ саяхан “Хэвлэлийн эрх чөлөөний индекс-2017” тайлангаа таницуулсан билээ.

180 улс орныг хамруулсан уг жагсаалтад Монгол Улс өнгөрсөн оныхоос 9 байраар ухран 69 дүгээрт бичигдсэн юм.

Тус ТББ-ын мэдэгдсэнээр, 2017 он гарснаас хойш найман сэтгүүлч, нийгмийн сүлжээний хоёр идэвхтэн, хэвлэл мэдээллийн салбарын нэг ажилтан амь үрэгдээд байна. Мөн 193 сэтгүүлч, нийгмийн сүлжээний 166 идэвхтэн болон хэвлэл мэдээллийн салбарын 10 ажилтан шоронд хоригджээ.

Г.Доржханд



 
Холбоотой мэдээ