Ч. Улаан: Хавдрын өвчлөлийг бууруулах чиглэлээр төр засгийн зүгээс анхаарч эхэлсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2017-05-09 08:58:24
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын гишүүн Ч. Улаан эдгээр өдрүүдэд тойрогтоо ажиллаж байгаа билээ. Тэрээр ажлын эхний өдөр “Хавдрын эсрэг үндэсний аян-2017” арга хэмжээний нээлтэнд оролцсон юм. Үүний дараа Баруун-Урт сумын ард иргэдтэй уулзаж хавдрын өвчлөлийн чиглэлээр тулгамдаж буй асуудал, орон нутгийн бодит байдал, хорт хавдрын өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр засгийн зүгээс авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрээр хэлэхдээ “Монгол Улсад хавдрын өвчнөөр жилд 2600 орчим хүн нас барж байна. Энэ бол гуравхан сая хүн амтай улсын хувьд аюулын дохио гэсэн үг. Манай улсад хавдрын өвчлөл дэлхийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй байна. Үүн дундаа Сүхбаатар аймагт хавдрын өвчлөл улсын дундажтай харьцуулахад хоёр дахин өндөр байгаа. Тиймээс төр засгийн зүгээс үүн дээр онцгой анхаарах цаг болжээ. Бид ч анхаарч эхэлсэн. МАН-ын үйл ажиллагааны хөтөлбөрт Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж туссан байсан бол энэ өнөөдөр ажил хэрэг болж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаж, албан ёсоор ажил хэрэг болж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 220 гаруй тэрбум төгрөг зарцуулна. Үүний 25 хувь нь улсын төсвөөс, 65 хувь нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарна. Санхүүгийн  ачааллын 90 хувийг төр өөр дээрээ авсан. Хэдийгээр улс орны эдийн засгийн нөхцөл хүнд байгаа ч хамгийн гол нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж үзсэн. 2020 хүн хүртэл үргэлжлэх төслөөс маш их үр дүнг бид хүлээж байна. Үр дүнд хүрч чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Ингэхийн тулд ард иргэдийн үүрэг оролцоо маш чухал. Ер нь иргэдээс шалтгаалах зүйл маш их бий. Тиймээс иргэн бүр идэвхи санаачлагатай байж, эрүүл мэндийнхээ төлөө анхаарах хэрэгтэй...” гэдгийг онцолсон юм.
Харин аймгийн засаг дарга З.Энхтөр хэлэхдээ “аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нийгмийн салбарууд руу тэр дундаа эрүүл мэндийн салбарт чиглэсэн маш олон ажлууд тусгагдсан. Мөн “Хадваргүй Сүхбаатарчууд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж өнөөдөр нээлтээ хийлээ. Эдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд хэд хэдэн ажлыг бид хийх болно. Эхний ээлжинд 40-өөс дээш насныхныг хавдрын илрүүлэг үзлэг оношилгоонд хамруулж, өвчлөл илэрсэн хүмүүсийг эмчилгээнд оруулах болно. Мөн бүх насны иргэдэд эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт сурталчилгааны ажлыг хийхээр төлөвлөсөн. АНЭ-ийн хувьд мэргэжлийн эмч ажилтнууд болоод тоног төхөөрөмжийн хувьд урьд жилүүдийг бодвол бэхжиж чадсан.  Энэ жил бид элэгэний вирус тоологч аппаратыг авахаар тусгасан. Харин ирэх жил хоол боловсруулах эрхтэн буюу ходоод, залгиур хоолойн хавдрын багаж тоног төхөөрөмж авахаар мөнгийг нь тусгаад байна.
Цаашлаад бид иргэд маань заавал Улаанбаатар хотод очиж үзүүлдэг, тэнд хагалгаанд ордог гэхгүй орон нутагтаа бүх үйлчилгээг авдаг болох арга замыг бид эрэлхийлж байгаа юм. Инэснээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх маш олон давуу талтай... ” хэмээн хэллээ.
Уулзалтын үеэр Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн иргэдэд хандан хорт хавдар хэмээх аюулт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хэрхэн сахин хамгаалах, эрүүл мэндийн анхан шатны тусламжийг хэрхэн авах талаар зөвлөгөө өгсөн нь уулзалтад оролцогчдын сонирхлыг татаж байлаа.
Мөн энэ үеэр элэгний вирустэй хэмээн оношлогдсон ч эмчилгээгээ хараахан эхлүүлж амжаагүй байгаа таван иргэнд элэгний В, С вирусын харвони эмийг бэлэглэсэн юм.
Т.Одончимэг 
Холбоотой мэдээ