Өвөрмонголчуудтай хамтран Ганга нуурын хөвөөнд 20 мянган бургас тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2017-05-09 16:28:27
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот дахь Дарьганга сумын Нутгийн зөвлөл, ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Авга хошуутай хамтын ажиллагаатай. Үүнийхээ хүрээнд тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Ганга нуурын хөвөөнд 20 мянган бургас шинээр суулгажээ. Энэхүү бургас нь элсэнд ургадаг, усалгаа арчилгаа шаардлагагүй бөгөөд гурван жилийн хугацаанд өөрөө үрслэн ургаж, дахин үржих боломжтой ургамал юм байна.
"Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Дарьганга сумын Нутгийн зөвлөл, 1998 оны төгсөгчдийн Мандах наран клуб, ӨМӨЗО-ы сайн санааны төрийн бус байгууллагууд хамтран дээрх бургасыг суулгалаа. Бургас суулгах ажилд зөвхөн Өвөрмонголоос гэхэд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн. Мөн Дарьганга сумын төрийн албан хаагчид, ард иргэд, малчид гээд бүгд маш сайн дэмжиж туслан гар бие оролцсоныг хэлэх хэрэгтэй. Хэдийгээр энэ бургас арчилгаа усалгаа шаардахгүй ч суулгаад орхихгүй. Хавар намартаа ирж ургацыг хянана. Харин гүйцэд ургаж төлжсөнийх нь дараа 20 мянган бургасын хэдэн мянган бургас болгох боломжтой...” хэмээн Дарьганга сумын Нутгийн зөвлөлийн дарга Ч.Сүмбээ ярьж байна. 
Ганга нуурын ширгэж байгаа нэг шалтгааныг элсний нүүдэл их байгаатай холбон тайлбарладаг. Тиймээс зориуд элсний бургас сонгожээ. Энэхүү 20 мянган ширхэг бургасыг гурван жилийн дараа дахин үрслүүлж хэдэн ч мянган бургас шинээр суулгах бүрэн боломжтой юм байна. Мөн нуурын хөвөөн дэх бутлаг ургамлуудыг арчилж дахин төлжүүлэх судалгааны ажлыг давхар хийсэн байна. 
Сүхбаатар аймаг тэр дундаа Дарьганга суманд сүүлийн үед хэд хэдэн удаа тунадас унасантай холбоотойгоор Ганга нуурын усны түвшин дээшилж, булгуудын ундарга сайн байгаа гэнэ. 
Т. Одончимэг 
 
Холбоотой мэдээ