Гал алдсан этгээдэд хариуцлага тооцно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/ Хуурай, халуун хаврын улирал эхэлж, ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдээд байна. Энэ хаврын хувьд нийслэлийн нутаг дэвсгэрт хоёр ч удаа түймэр гараад байгаа гэж НОБГ-аас мэдээллээ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг Нүхтийн ам болон 14 дүгээр хорооны нутаг Богд уулын өвөр хэсэгт түймэр гарч багагүй хохирол учруулсан. Санамсар болгоомжгүйгээс болж гал алдсан иргэнийг илрүүлэн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Зуслангийн хог, өнжмөл өвсөө шатаахдаа гал алдаж хөрш зэргэлдээ айлынхаа хашаа байшинг шатаасан явдал ч гарлаа. Буруутай иргэнийг тогтоож, хохирлыг барагдуулах, хариуцлага онооно гэж албаныхан ярьж байна. Иймд иргэд гал, цог, үнс, нурмаа ил задгай хаяхгүй байх, ой хээрт ил задгай гал түлэхгүй байх, машин техникийн янданг оч баригчтай болгох, бага насны хүүхдийг шүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.
Ж.Батсайхан