2016 оны Үндсэн чиглэлийн биелэлт 61.2 хувьтай гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-10 17:21:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн биелэлт 2016 оны жилийн эцсийн байдлаар 61.2 хувьтай дүгнэгджээ. 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцлээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 158 арга хэмжээнд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоос 18.4 хувь буюу 29 арга хэмжээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 72.3 хувь буюу 119 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 9.3 хувь буюу 10 арга хэмжээ тусгагджээ.

Үндсэн чиглэлийн биелэлт дээр дурдсанчлан 61.2 хувьтай үнэлэгдсэн бол УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны эрхлэх хүрээний яамд болох БСШУСЯ, ХНХЯ, ЭМЯ-ны Үндсэн чиглэлд тусгасан арга хэмжээний хэрэгжилт 67.9 хувьтай гарчээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр Үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Гантулга, Ц.Цогзолмаа, С.Чинзориг нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Багануур дүүрэгт байгуулах их, дээд сургуулиудын хотхоны дэд бүтцийг байгуулах ажлын биелэлт 10 гаруй хувьтай гэж гарсан байна. Гэтэл нийслэлд их, дээд сургуулиуд барилгаа өргөтгөөд, эхнээсээ ашиглалтад орж байна. Ер нь бүх их, дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх боломж бий юу хэмээн лавласан.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Их, дээд сургуулиудын хотхоныг байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын даалгавар гарч, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гаргах зарим ажил хийгдэж эхэлсэн ч санхүүжилт олгогдоогүйгээс ажил үндсэндээ зогссон гэж хариуллаа. Түүний хэлснээр, эмнэлгүүдийг бааз сууриа болгосон ЭМШУИС, шинжлэх ухааны төвүүд, лаборатори, үйлдвэрүүдэд түшиглэн сургалтаа явуулдаг ШУТИС зэрэг сургуулиудыг нүүлгэн шилжүүлбэл сургалт явуулах боломжгүй болох аж. Түүнээс гадна 100 гаруй мянган оюутан, олон мянган багш, ажилтнуудын сурч, ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд маш их хөрөнгө, мөн цаг хугацаа шаардлагатай гэлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ё.Баатарбилэг, Л.Энх-Амгалан нар байр сууриа илэрхийлсэн. Ингээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ