Говийн бүсийн усны нөөцийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-05-11 12:03:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өмнөговь аймгийн Ханбогд суманд Галба-Өөш, Долоодын говийн сав газрын зөвлөлийн  гуравдугаар хуралдаан эхэллээ.

Тус хуралдааныг БОАЖЯ, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргаа, Галба-Өөш, Долоодын говийн сав газрын зөвлөл, Ханбогд сумын захиргаа хамтран зохион байгуулж байна. 

Тус зөвлөлийн өнгөрсөн оны ажлын тайлан, Уст цэгийн тооллогын тайлан, Ганга нуурын өнөөгийн байдал, Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтуулах сан байгуулах, говь руу татах төслийн танилцуулга зэрэг асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна.Харин маргааш дээрх арга хэмжээнд оролцогчид Оюутолгойн уурхайн хаягдлын далан, усны нөөцийн сан, гүний хоолойн барилга байгууламжтай танилцах юм.

Манай улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бүртэгддэг боловч  тэгш биш, хангайн бүсэд нөөц сайтай, говийн бүсэд хомсдолтой байдаг. Үүний дээр усны хэрэглээнийхээ 80 хувийг газрын доорх гүний усаар хангадаг. Түүнчлэн говийн бүсийн усны хэрэглээ уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжлөөс хамаарч өсөн нэмэгдэж байгаа юм. Гэвч энэ бүсийн хомсдолтой нөөцөөс хэрэглээг их хэмжээгээр өсгөж болох эсэх талаар судалгаа хийж, үнэлэлт өгөх шаардлагатай байгаа ажээ. Үүнтэй уялдан хангайн бүсийн томоохон голуудын урсацад тохируулга хийх замаар нөөцийг нь нэмэх боломжийг судлах шаардлага ч гарч байгаа талаар дээрх хуралдаанаар ярицлаж байна. 

Эрдэмдтийн судалгаагаар 2020 он гэхэд дэлхийн хүн амын бараг тэн хагас нь цэвэр усны хүрэлцээгүй нөхцөлд амьдрахаар байгаа ажээ.Мэргэжлийн байгууллагынхан монгол хүн бүр өдөрт нэг литр ус хэмнэвэл хоногт 2,5 сая литр, сард 75 сая литр, жилд 900 мянган тонн ус хэмнэнэ, таны хэмнэсэн нэг литр ус бусдын амь насыг аварна хэмээн сануулж байгаа юм.

Өмнөговь Ханбогд сум А.Мандирмаа
Холбоотой мэдээ