ӨМӨЗО-ны томоохон хотуудад Монголын бараа бүтээгдэхүүн борлуулах төвтэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-10-27 16:56:39

“Монгол-Хятадын анхдугаар экспо”-ны хүрээнд зохион байгуулсан “Хөрөнгө оруулалтын форум”-ын үеэр аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүч зэрэг салбарт хамтран ажиллах нийт 100 гаруй санамж бичиг, гэрээ, хэлэлцээр байгууллаа.

Тухайлбал, Монгол Улсын Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, БНХАУ-ын Худалдааны яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Тодруулбал, энэхүү хамтарсан экспог цаашид хоёр жил тутамд зохион байгуулах санамж бичигт талууд гарын үсэг зурснаар ажил хэрэг болох юм. Санамж бичгийн хүрээнд эхний хоёр удаагийн экспог БНХАУ-ын тал хариуцан зохион байгуулахаар тохиролцжээ.

Мөн хил дамнасан чөлөөт бүс байгуулах тухай дугуй ширээний уулзалт болсон нь онцлох үйл явдлын нэг байв. Энэхүү уулзалтаар хил дамнасан чөлөөт бүс байгуулах, хөгжүүлэх тухай хоёр улсын хамтарсан нарийвчилсан төлөвлөгөө боловсруулсныг танилцуулав. Монгол Улсын хувьд эхний ээлжинд хил дамнасан чөлөөт бүс байгуулахаар 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. БНХАУ-ын зүгээс мөн тооны хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Үүнээс гадна МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг ӨМӨЗО-ны Шилийн гол  аймгийн Олон улсын худалдааны төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт Монголын үйлдвэрлэгчид  10 павилион, 60 лангууг эхний жилд үнэ төлбөргүй ашиглах боломж бүрдэж байна. Энэ нь дотоодын бараа, бүтээгдэхүүнийг ӨМӨЗО-ны зах зээлд таниулах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх эхний алхам болсон юм.

Цаашид Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг борлуулах байнгын ажиллагаатай худалдааны төвүүдийг ӨМӨЗО-ны хүн ам олноор суурьшдаг, аялал жуулчлал, дэд бүтэц хөгжсөн томоохон хотуудад байгуулах талаар БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, хороотой ярилцаж байгаа аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ