Бразил улс "зика"-тай холбоотой онц байдлыг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-05-12 12:08:42
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Prensa Latina/. Бразил улс шумуулаар дамждаг “зика” вирусийн тархалттай холбоотойгоор зарласан онц байдлыг цуцалжээ.

Уг вирусийн халдвар авсан тохиолдол шинээр бүртгэгдэх нь эрс буурснаар онц байдлыг цуцалсан байна.
Өнгөрсөн оны 1-4 дүгээр сарынхтай харьцуулахад энэ оны эхний дөрвөн сарын хугацаанд халдварын тохиолдол 95 хувиар буурсан гэж тус улсын албаны хүмүүс мэдэгдлээ.

Насанд хүрсэн хүн "зика" вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл учрахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг байна. Бразил улс 2016 онд зуны Олимпын наадам зохион байгуулахаар бэлтгэж байх үед “зика” вирус ид тархаж байсан билээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага уг вирусийн тархалттай холбоотойгоор олон улс даяар зарласан онц байдлыг өнгөрсөн оны 11 дүгээр сард цуцалсан юм.

“Зика”-гийн улмаас бараг 30 улс оронд төрөлхийн гажигтай хүүхэд төржээ.

Бразилын эрх баригчид 2015 оны 11 дүгээр сард улс даяар онц байдал зарлаж, “зика”-г тараадаг шумуулыг устгах кампанит ажил өрнүүлж эхэлсэн юм.


Өнгөрсөн оны 1-4 дүгээр сард “зика”-гийн 170 535 тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ оны мөн хугацаанд 7911  тохиолдол бүртгэгджээ.

Энэ он гарснаас хойш уг вирусээр хүн нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж тус улсын ЭМЯ мэдэгдлээ.

Өнгөрсөн оны мөн хугацаанд уг вирусээр найман хүн нас баржээ.
 Г.Доржханд
 

Холбоотой мэдээ