Лац нь хөдөлсөн шинжилгээний бичиггүй шатах, тослох материал худалдаж авахгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-12 15:06:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-аас Улаанбаатар хотод шатах тослох материалын худалдаа үйлчилгээ эрхэлдэг ШТС, жижиг ТҮЦ, засварын газруудын үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Уг шалгалтын үр дүнг өнөөдөр танилцуулав. Манай улсад ОХУ, БНСУ, Япон, БНХАУ, Герман, Австрали зэрэг улсаас импортоор оруулж ирсэн тос, тосолгооны материалыг автотээврийн хэрэгслүүд өргөн хэрэглэж байна. Зам дагуу байрлалтай жижиг ТҮЦ-үүдээр лац нь хөдөлсөн, шинжилгээний бичиггүй, хэрэглэх зааваргүй тос тосолгооны материалууд худалдаж байсан нь шалгалтаар тогтоогджээ. Тухайлбал "И" гэх эмэгтэй Мобил нэрийн моторын тосны саванд хямд үнэтэй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй тос савлан нэрийн дэлгүүрээр нь орж, хулгайгаар шинэ бүтээгдэхүүнээр сольж байсныг ч илрүүлжээ.

Иймд НМХГ-аас жолооч нарт хэд хэдэн анхааруулга хүргүүлэв. Тухайлбал тос худалдаж авахдаа шинжилгээний бичиг, хэрэглэх заавар зэрэг холбогдох бичиг баримтуудыг шалгах, сав баглаа боодол, хаяг шошго, лац таглаа битүүмжийг сайтар шалгахыг зөвлөв. Мөн  автомашины хөдөлгүүрийн тос солих хоолойн таган дээр тосны марк ангилал тэмдэглэсэн байдал зэргийг сайтар үзэж худалдан авалтаа хийхийг анхаарууллаа.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ