Цэцэрлэгт хүрээлэнд 90 гаруй байгууллага, 1000 гаруй иргэн мод тарив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2017-05-13 14:41:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр УИХ-ын дарга  М.Энхболд, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын нэр бүхий гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  зохион байгуулсан "Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн нээлтийн арга хэмжээнд оролцож, мод тарилаа.

Туул голын ай сав дагуу, нийслэлчүүдийн  ундны цэвэр усны хамгаалалтын бүс  дунд  байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ хавар мод тарих ажилд төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж нийлсэн 90 гаруй байгууллага,  1000 гаруй   иргэн оролцож,  улиас, хайлаас, чацаргана, бургас гэсэн дөрвөн төрлийн 2000 ширхэг мод сөөгийг  4 га  талбайд тарьж байна.

УИХ-ын дарга М.Энхболд, байгаль орчноо хайрлан хамгаалж, мод, бут сөөг тарих ажилд идэвхтэй оролцож байгаа иргэд, аж, ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлээд “Дэлхий нийтэд байгаль экологийн тэнцвэр алдагдан, цаг агаарын дулаарал, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа энэ үед мод тарих ажил хүрээгээ улам тэлж байгаад баяртай байна. Хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд нийт иргэд, байгууллага, та бүхний идэвх санаачилга, оролцоо хамгаас чухал юм. Бид мод тарихаас гадна тарьсан мод, бут сөөгөө хамгаалж, арчлах ургуулах ажилд анхаарал хандуулах  хэрэгтэй” гэв.

Тэрбээр, Монгол Улс бүх нийтээрээ мод тарих өдрийг уриалан тэмдэглэж эхэлсэн 33 дахь орон хэмээн онцолж байв.

Д.Өлзий
Холбоотой мэдээ