Төгсөгч бүр төгөл мод ургуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-05-14 00:59:47
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт мод тарих хөдөлгөөнийг өрнүүлдэг.  “Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр”-ийн хаврын нээлтийн ажиллагааг аймгийн БОАЖГ-аас 5 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн мод тарилтын нэг онцлог нь ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчид өөрсдийн нэрэмжит модыг тарьж байгаа явдал юм.
Аймгийн Дулаан үйлдвэрлэгчдийн холбооноос сурагчдад зориулж 1300 суулгацыг хандивласан бөгөөд цаашид Арвайхээр хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч жил бүр 500-аас доошгүй модны суулгац хандивлана гэдгийг тус холбооны захирал Б.Батмөнх хэллээ.
Сургууль төгсөлтийн баяраа өвөрмөц аргаар тэмдэглэн цаашдын ажил, амьдралын замаа мод тарих ариун цагаан үйлсээр эхлүүлж, нөгөө талаар агаарын бохирдлыг бууруулах, цөлжилтөөс хамгаалахад тодорхой хувь нэмэр оруулж байгаадаа сурагчид баяртай байв. Тэдэнд хандаж аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Т.Гончигдорж “Мод тарина гэдэг нэг насны буян гэж ярьдаг. Тийм болохоор хүүхэд, залуучууд, иргэд маань мод тарьснаар өөрийн ажил үйлс сайн сайхан байх юм” гэлээ. Аймгийн БОАЖГ-ын дарга Т.Ариунболд “Модыг тариад орхичихгүй, эзэнтэй байлгаж, бүртгэлжүүлж, арчилж хамгаалж байж үр дүн гарна” гэсэн бол БСУГ-ын дарга Ц.Пүрэвсүрэн “Арвайхээр суманд 12 дугаар анги төгсөж байгаа 500 орчим хүүхэд бий. Та бүхэн тарьсан модоо дараагийн 11 дүгээр ангийн сурагчдадаа хүлээлгэж өгөх, тэр нь нэг жилийн турш арчилж ургуулаад дараагийн ангидаа хүлээлгэж өгөх маягаар “Сурагчдын ногоон төгөл”-ийг байгуулна” гэв.
Нээлтийн үеэр аж ахуйн нэгж, байгууллагуудаас 10 төрлийн тарьц суулгацыг худалдан борлуулах үйл ажиллагаа явагдлаа. Мөн 5 сарын 13-ны өдөр сурагчид Арвайхээр сумын төв хэсгээр мод тарих ажлыг зохион байгуулсан юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ