Б.Чойжилсүрэн: Ноцтой сөрөг үр дагавартай ташаа мэдээлэл сошиалаар тараасныг шалгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-16 16:52:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн сайдын нэр, зургийг ашиглан “Б.Чойжилсүрэн Сангийн сайд” гэсэн хуурамч хуудаснаас олон нийтийн сүлжээ ашиглан худал мэдээлэл тарааж байгааг өнөөдөр албан ёсоор няцаалаа.
Дээрх хуурамч хуудаснаас “Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Худалдаа хөгжлийн банк дампуурлаа зарлана” гэсэн мэдээллийг өчигдрөөс тарааж эхэлсэн бөгөөд Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Худалдаа хөгжлийн банк /ХХБ/ манай арилжааны том банкуудын нэг. Хуулиараа Монголбанкнаас тавьж буй шаардлагуудыг хангаад явж байгаа. Ийм зүйл болоогүй гэдгийг та бүхэнд албан ёсоор мэдээлж байна. Надад албан ёсны сошиал хаяг байхгүй. Сонгууль болохоор ийм хуурамч хаяг нэмэгддэг. Өчигдөр гарсан мэдээллийн няцаалтыг маргааш нь хийж байгаа учраас бодит хохирол нь гайгүй байх" гэв.

Түүнчлэн Сангийн сайдын зүгээс 2017 оны тавдугаар сарын 15-ны өдрийн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Худалдаа, хөгжлийн банк болон бусад банктай холбоотой ямар нэгэн  мэдээлэл хийгээгүй бөгөөд Худалдаа, хөгжлийн банкинд аливаа эрсдэл учраагүй гэлээ. Тэрбээр мөн “Банк, санхүүгийн салбарын талаарх энэ мэт худал мэдээлэл нь тухайн салбарт болон олон нийтэд хурдацтай сөрөг нөлөө үзүүлдэг онцлогтой. Иргэд аж ахуйн нэгж байгууллага, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийн аюулгүй байдал, цаашлаад улс орны эдийн засгийн тогтвортой байдалд ноцтой сөрөг үр дагавартай ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээ ашиглан зориудаар тарааж буй хүмүүсийг хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлэхээ мэдэгдэж байна” гэлээ.

Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ