Кувейтийн тусламжаар Парламентын ордон, Түлэнхийн төвийн барилгыг барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-17 17:03:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Кувейт Улсын Эль-Кувейт хотод энэ сарын 23-24-ний өдрүүдэд болох Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

Хуралдаанаар Кувейт Улстай явуулж байгаа харилцаа, хамтын ажиллагаагаа дүгнэн хэлэлцэж, цаашдын төлөвөө тодорхойлон, хөрөнгө оруулалт татах, буцалтгүй тусламж авах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр ярилцах юм.

Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийн барилгыг санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Энэ тусламжийн гэрээг байгуулж, Кувейтийн сангаас олгож байгаа санхүүжилтийг 12 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх боломжийг хуралдааны үеэр эрэлхийлэх юм. Мөн Хэнтий аймгийн “Өндөрхаан нисэх онгоцны буудлын хөөрч буух шороон зурвасыг асфальтан хучилттай болгох төсөл”-ийг хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулахыг зорьж байна.

Түүнчлэн Кувейт Улсад хонь, ямаа болон үхрийн мах экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлагын тухай Протокол, хоёр орны Стандарт, хэмжил зүйн газар хоорондын Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ.

Кувейтийн сан нь Дархан-Эрдэнэт, Эрдэнэт-Булган-Уньт, Уньт-Тариалан чиглэлийн 415 км зам барихад 58 сая, Тайширын усан цахилгаан станцыг барихад 20 орчим сая, нийт 78 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож, 13 орчим сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ. 

Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ахлах бөгөөд Кувейтийн холбогдох өндөр албан тушаалтнуудтай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцох юм.

Гадаадын ажиллах хүч ажиллуулж байгаа компаниудад шалгалт хийнэ

Гадаадаас ажиллах хүч ажиллуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд ХЗДХЯ, ХНХЯ-наас хамтарсан шалгалт хийж, дүнг Засгийн газрын хуралдаан танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэг болголоо.

Шалгалтаар аж ахуйн нэгжүүд  гадаадын ажиллах хүч, мэргэжилтнээ Засгийн газрын тогтоолд заасан ажлын байрандаа ажиллуулж байгаа эсэх, уг ажлыг дотоодын ажиллах хүчнээр гүйцэтгүүлэх боломжтой эсэх, мөн зарим ажил нь үнэхээр гадаадын мэргэжилтэн гүйцэтгэх ёстой нарийн мэргэжлийнх мөн эсэх, хэрвээ биш бол монгол иргэдээ ажиллуулах зэргийг судалж шалгахыг хоёр яамны хамтарсан ажлын хэсэгт чиглэл болголоо.

Товч мэдээ

-  УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын санаачлан боловсруулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар тогтов.

-  Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Холбоотой мэдээ